FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатарт болох билээ. Энэхүү тэмцээнд оролцох нэг багийг сонгон шалгаруулах ‘MGL 3×3 Pro satellite’ тэмцээн өчигдөр төв талбайд эхэллээ. Тэмцээнд нийт 12 баг оролцож байгаагаас аварга болсон баг Улаанбаатарын дэлхийн гран-при тэмцээнд оролцох эрхийг авах юм.
Өчигдөр болсон тоглолтод “А” хэсэгт “Стандарт”, “В” хэсэгт ‘McDavid’, “C” хэсэгт “Хэнтий ЭБЭГ”, “D” хэсэгт “Fast Track-2” багууд хожигдолгүй тэргүүлж байна. Хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, ялагч баг тодорно.
FIBA 3×3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээнд манай улсаас “Ховд”, “Улаанбаатар”, “Архангай”, “Эрдэнэт”, “Тэнүүн-Өлзий” зэрэг баг орохоор мэдүүлгээ өгчээ. Мөн энэ тэмцээнд оролцох олон улсын багийн түрүүч ирээд байна. Тодруулбал, ОХУ-ын Москва хотын баг өчигдөр Улаанбаатарт иржээ.