Хүүхдийн эрх зөрчсөн хүйтэн хаврын наадам

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрх зөрчсөн хүйтэн хаврын наадам

Барианы зурхайд хүүхдээ “гээсэн” морьд орж байгаа нь “Дүнжингарав”-ын уралдааны шууд бичлэгээс харагдах. “Дүнжингарав” хаврын морин уралдааныг тойрсон хэрүүл нийгмийн сүлжээнд ид өрнөж байна. Хавар хурдан морины уралдааныг зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж нэг хэсэг нь шүүмжилж буй бол нөгөө хэсэг нь Монголын уламжлалт наадам хэмээн тайлбарлаж буй.

Засгийн газар хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц эцэслэнэ

Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-уудаас гаргасан “Дүнжингарав” уралдааныг зогсоох нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гаригт /2017.03.03/ хэлэлцээд, морин уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох захирамжийг шүүгч Ц.Одмаа гаргасан билээ.

Гэхдээ Монголын морин спорт уяачдын холбоо дээрх шүүгчийн шийдвэрийг дагалгүйгээр “Дүнжингарав” хурдан морины уралдааныг зохион байгуулсан. Үүнийг дагаад шүүгчийн захирамж гарсаар байхад хүүхдийн эрхийг зөрчлөө гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд давалгаалж байна.

Уяачид ийн авирласныг гомдол гаргасан хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-аас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчид шүүхэд гаргаагүйтэй холбон тайлбарлав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх захирамж зөрчсөн уяачдыг албадан зогсоох хуулийн заалт байдаггүй аж. “Шүүхийн шийдвэрийг заавал албадуулахгүйгээр Засгийн газар биелүүлэх ёстой. Шүүгч түдгэлзүүлэх захирамжаа гаргасан. Захирамжид гомдол гаргах эсэхээ хариуцагч илэрхийлээгүй” хэмээн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Амаржаргал мэдээлэв.

“Дүнжингарав” уралдааныг хориглосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Засгийн газар болоод холбогдох яам, тамгын газрууд нь хэрхэн биелүүлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байлаа. Гэвч Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө, эсвэл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн" хэмээн твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гэхдээ энэ нь 2016 оны долоодугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуучин захиргааны процессын хуульд өгсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гэдгийг хуулийнхан тайлбарлав.

Нэгэнт шүүхийн шийдвэр зөрчиж, уралдаан зохион байгуулсан энэхүү маргааныг талууд Үндсэн хуулийн цэцэд хандаж нэг тийш шийдэх боломжтойг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдлээ.

Дарга, цэргээс үл хамааран шүүхийн шийдвэрийг бүгд биелүүлнэ

Хуульч Н.Ариунболд

Шүүхийн тухай хуульд “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байна. Энэ нь дарга, цэрэг байхаас үл хамааран Монгол Улсын иргэн бүр шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй аж. Ялангуяа Монгол Улсын хуулийг биелэлтийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын дарга нар хангах үүрэгтэйг хуульч Н.Ариунболд онцолсон юм. Мөн тэрбээр “Шүүгчийн захирамж гармагц хүчин төгөлдөр болдог бөгөөд талууд уг захирамжид гомдолтой бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан шүүгчийн захирамжид бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэв. Харин энэ хугацаанд шүүгчийн захирамжийн биелэлт хүчинтэй хэвээр байх”-ыг санууллаа.

24 хүүхэд мориноосоо унажээ

“Дүнжингарав” уралдаанд 285 унаач хүүхэд морь унажээ. Эднээс 24 нь уралдааны үеэр мориноосоо унасан байна. Азаар хоёр л хүүхэд хөнгөн бэртсэн аж. Бэртсэн хүүхдүүдийн нэг нь зүүн гарынхаа шууг, нөгөө нь баруун хөлийнхөө шилбэнд хөнгөн бэртэл авсан. Тухайн үед яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-ын эмч нар шуурхай ажиллаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах тос түрхсэн тухай Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн н.Батбаяр мэдээлэв. Тус газраас мориноос унасан хүүхдүүдийн биеийн байдлыг цаашид тогтвортой ажиглана гэлээ. Мөн морь унаач хүүхдүүдийг Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас бүртгэхдээ эцэг эх болоод өөрсдийн зөвшөөрлийг сонсч, гарын үсгийг нь авсан аж. Өөрөөр хэлбэл, морь унаач хүүхдүүдийг хэн ч албадан морь унуулаагүйг албаныхан тодотгов.

“Дүнжингарав”-ын асуудлаар Засгийн газрыг шүүхэд өгч болно

Хүний эрхийн хуульч М.Ичинноров

“Үндсэн хуульд Монгол хүн бүр эрүүл, амьд явах эрхтэй гэсэн заалт бий. Энэ утгаараа хүүхдийн эрх зөрчсөн тогтоолыг Засгийн газар гаргаж, түүнийг нь хориглосон шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн” хэмээн хүний эрхийн хуульч М.Ичинноров үзэж байна. Түүний тайлбараар хүүхдийн эрх зөрчигдөж буй нь чухал гэнэ. Харин захиргааны хэргийн шүүх Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх эрхтэй, эрхгүй гэж маргаад суух нь олон улсын хүний эрхийн байгууллага, хүүхдийн эрхийн конвенцийн өмнө “онигоо” болсон үйлдэл гэлээ. Товчхондоо “Дүнжингарав 2015” уралдаан нь Засгийн газар шүүгчийн захирамжийг зөрчихөөс гадна хүний эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болсон гэв. Тиймээс хууль зөрчиж, зохион байгуулагдсан “Дүнжингарав”-ын асуудлаар Засгийн газрыг шүүхэд өгөх хангалттай баримт, нөхцөл бүрдсэнийг М.Ичинноров хуульч онцолсон юм.

Гэхдээ хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж уяач хүүхдүүдийн эцэг, эхээс гомдол ирээгүйг хуулийнхан хэлж. Нөгөө талаар хүний хүүхдийг хүчээр моринд мордуулаагүй тохиолдолд уяачдыг улаан цагаан буруутгах ч бас хаашаа. Ямар ч байсан улаан хэрүүл болчихоод байгаа хурдан морины хаврын уралдааныг нэг тийш нь шийдэх цаг болсныг хэлэх нь зүйтэй болов уу?

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж