Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас санаачлан “Нүүдэлчдийн өвөл 2017” наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг наадам нь бүргэдийн баяр, тэмээний баяр, мөсний баяраас бүрдэх юм.
БҮРГЭДЭЭР АН БАРИУЛНА
“Бүргэдийн баяр 2017” нь ирэх долоо хоногийн ням гариг буюу гуравдугаар сарын 5-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох юм байна. Энэхүү бүргэдийн баяр нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд казах ард түмний бүргэдээр ан хийх өвөрмөц уламжлалыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан, таниулж байгаагаараа онцлог аж.
Бүргэдийн баярт оролцсоноор казах гэрт зочлох, бүргэдтэй зураг авахуулах, морин чаргаар аялах, мөсөн хотхонд тоглох боломжтой юм байна. Мөн бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, хаан бүргэд шалгаруулах, бүргэдээ өөртөө дасгасан байдал гэх олон тэмцээн уралдаан болох ажээ.
МӨСӨН ГЭРТ ЗОЧЛООРОЙ
“Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирэх сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Энэхүү мөсний баяр нь Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг нийтэд таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм байна. Мөсний баяр нь Хөвсгөл далай орчмын үзэсгэлэнт байгалийг хамгаалах, унаган төрхийг хадгалах, орон нутгийн иргэдэд мэдлэг олгох, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэгдэж байгаа . Мөн Хөвсгөлийн гайхамшгийг мөсөн урлагаар бүтээж, мөсний урлагийг олон түмэндээ таниулах зорилготой аж. Мөсний баярын үеэр мөсөн гэрт зочилж, мөсөн аяга, хундаганд сархад, ундаа зооглохын дээр мөсөн дээгүүр морин чаргаар аялж, тэшүүрээр гулгах, зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд болох юм байна.
“ТЭМЭЭНИЙ БАЯР” 20 ДАХЬ ЖИЛДЭЭ
“Нүүдэлчдийн өвөл-2017” наадмын дараагийн арга хэмжээ бол тэмээний баяр. Энэхүү баяр нь гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдах аж. “Тэмээний баяр 2017” наадамд оролцохоор гадаадын орноос 86 жуулчин бүртгүүлээд байгаа юм. “Тэмээний баяр 2017” наадмын 20 жилийн ой энэ жил тохиож буйгаараа онцлог аж.
Д.ЦЭЭНЭ