Налайхын цэргийн ангийнхан хорионд оржээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Налайхын цэргийн ангийнхан хорионд оржээ

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан тул тус дүүргийн Засаг даргын захирамжаар өвний голомт бүхий бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр цэцэг өвчин гарсан нь тогтоогдсон болохоор нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хорио цээр тогтоосон юм.

Налайхын Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж байсан малчин өрхийн 399 хонинд үзлэг тандалт хийхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул ийнхүү тусгаарлажээ.

Одоогоор дамжин өнгөрч байгаа машин техникийг ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр нэвтрүүлж байгаа бөгөөд тухайн хорооны иргэд болон голомтын бүсэд байрлах цэргийн ангиудын албан хаагчдын орж гарах хөдөлгөөнийг бүрэн хорьсон байна.

Нэгдүгээр сарын 23, 24, 25-ны өдрийн байдлаар нийт 1762 хонинд үзлэг тандалт хийсэн бөгөөд 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлгийн албан хаагчид, мөн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, “Бөх-Мо” мал эмнэлгийн ажилчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Д.ЦЭЭНЭ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж