“Ээж маань завгүй байсан”

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

“Ээж маань завгүй байсан”

-Д.Нандинцэцэг охин шиг бага насны хүүхдүүд Гэмтлийн эмнэлэгт олон байна. Сэтгэл эмзэглүүлж, зүрх зүсэм энэ сэдвийг хөндөх хэцүү ч эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох зорилгыг бид агууллаа-

“Хааяа нүүр маань их өвддөг. Гэхдээ би бүх чадлаар тэсдэг” хэмээн тавхан настай Д.Нандинцэцэг охин ярилаа. Түүний нүүр, чих, хүзүү бүхэлдээ түлэгдэж, зарим хэсгийн арьс өмөрч, нүд хальтрим болжээ. Д.Нандинцэцэг гэртээ байхдаа тогоотой халуун цайнд түлэгдэж, Гэмтлийн эмнэлэгт иржээ.

“Би өөрөө гал тогоо руугаа гүйж орж байгаад тогоотой цай мөргөчихсөн юм. Дотор нь халуун цай байсныг мэдээгүй” гэж охин ярьсан юм. 

Охиныг түлэгдэх үед аав, ээж хоёр нь нөгөө өрөөнд байжээ. Эмч нарын зүгээс охиныг хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй гэж оношилсон байна. Энэ нь хүнд зэрэгтээ орох юм. Дор хаяж гурван жил эмнэлгээр явж, эмчилгээ хийлгэж байж дараа дараагийн өвчний хүндрэлийг багасгах боломжтой гэнэ. Нүүрний арьс, түлэгдэл бүрэн эдгэх боломжтой ч сорви үлдэнэ гэдгийг эмч анхааруулж байв.

“Түлэгдэх үед ээж нь юу хийж байсан бэ?” гэж асуухад Д.Нандинцэцэг охин “Ээж маань нөгөө өрөөнд завгүй байсан. Юм хийж байсан” гэж товчхон хариуллаа. 

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Түлэнхийн  тасгийн их эмч Т.Бат-Эрдэнэ “Түлэгдсэн хэмжээгээр сорвижилт үүсдэг. Гар хурууны үйл ажиллагаа алдагдаж болно. Мөн гоо сайхны асар их хохирол учруулж байна. Нүүрэндээ сорвитой болбол түүнээсээ ичиж хичээл сурлагадаа муудах, бүрэг ичимхий болох тохиолдол бишгүй. Хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй байсан ч гол нь анхны тусламжийг зөв үзүүлж чадвал бүрэн эдгэрэх боломжтой.  Харин гурав, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтийг эмчилгээ хийснээс хойш 2-3 жил амбулаторийн хяналтанд байлгах шаардлагатай. Ингэснээр түлэгдэлтээс үүдэж тахир дутуу болох эрсдэлийг бууруулна” гэлээ.

Түлэнхийн тасагт өнөөдрийн /2016.11.19/ 12.00 цагийн байдлаар л гэхэд түлэгдэж гэмтсэн 64 хүн ирсний 85 хувь нь 0-5 насныхан байна. Өөрөөр хэлбэл, Д.Нандинцэцэг охиноос дүү, мөн түүний үеийнхнээр Түлэнхийн тасаг дүүрчээ. Тэдний ихэнх нь түлэгдэлтийн талбай их, хүндэрсэн буюу гурав, дөрөвдүгээр зэргийнх юм байна.

Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын их эмч А.Ерлан “Үйлчлүүлсэн хүний тоо 64 гэдэг бол зөвхөн өглөөнөөс 12.00 цаг хүртэлх хугацааны л тоо юм. Хүйтний улиралд бага насны хүүхэд түлэгдсэн дуудлага эрс нэмэгддэг. Тэдний ихэнх нь халуун тогоо, ус буцалгагчин дахь цай, хоолонд түлэгдсэн байдаг” гэв.

2016 онд л гэхэд Гэмтлийн эмнэлэгт түлэгдэж ирсэн хүмүүсийн 62 хувь нь 0-5 насны хүүхэд. Осол, гэмтлийн улмаас нас барсан 10 хүүхэд тутмын найм нь түлэгдлийн шалтгаантай. Гурван хүүхэд тутмын нэг нь “халуун тогоо” гэх тодотголтой, БНХАУ-аас орж ирдэг тогоон дахь хоол, цайнд түлэгджээ. Тэгвэл хүүхдүүдийн 98 хувь нь гэртээ байхдаа түлэгддэг. Тэдний 82.2 хувь нь монгол гэрт, 15.6 хувь нь орон сууцанд байхдаа түлэгдсэн гэх судалгааг эмч нар гаргажээ. Ялангуяа эдийн засгийн боломж тааруу, гэр хороололд амьдардаг, залуу эцэг эхчүүдийн хүүхэд түлэгдэж ирдэг гэв.

Их эмч Т.Бат-Эрдэнэ “Таван настай хүүхдээр хоёр настай дүүг нь харуулж байна. Нэг харахад дүү нь тогоотой халуун цайнд орчихсон часхийтэл орилж байдаг. Өнөө тавхан настай хүүхэд дүүгээ тогооноос нь гаргах учраа ч олохгүй, түлэгдсэн хувцаснаас нь салгахаа ч мэдэхгүй сууж байх жишээтэй” гэв.

Баянгол дүүргийн иргэн Д.Лхагвасүрэнгийн хүү жилийн өмнө буцалсан усанд түлэгджээ. Ингээд жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж, эмнэлгээр явж байгаа нь энэ аж. Тэрбээр “Одоо давтан нөхүүлэх хагалгаанд оруулчихаад байна. Миний хувьд гадуур ажилтай явж байсан. Тэгээд эгчээр нь хүүгээ харуулсан. Гэтэл хараа хяналт сул байснаас хүүгээ түлчихлээ. Түлэгдэлт гэдэг маш удаан эдгэдэг, олон ч жилийн эмчилгээ шаарддаг юм байна. Одоо дахиад 3-4 жил эмнэлгээр явж хүүгээ үзүүэх шаардлагатай гэсэн” гэв. Тэрбээр эцэг эхчүүдийг хариуцлагатай байхыг дахин давтан сануулж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Я.Оюунгэрэл ач охиноо сахиж сууна. Түүний ач охин нь халуун цай татаж түлэгджээ. Эмч охиных нь түлэгдлийн зэргийг 30 хувь гэж тодорхойлсон байна. Охины ээж нь төрөх гээд эмнэлэг явсан байжээ. Я.Оюунгэрэл гуай ач охиноо харахаар үлдсэн ч нөгөө өрөөнд яах ийхийн зуургүй охиных нь орилох дуу гарахаар нь очтол түлэгдсэн байсан гэж тайлбарлав.

“Эцэг эхийн хараа хяналт, хариуцлага асар сул байна. 0-5 насны хүүхэд гэдэг өсч торних насан дээрээ байгаа. Энэ үедээ гарандаа юу өртөж байгааг мэдэх ч сөхөөгүй байдаг. Тиймээс нөгөө өрөөнд байсан гэх ямар ч шалтаг хэлэх хэрэггүй. Хүүхдээ хариуцлагатайгаар харах нь эцэг эхийн үүрэг. Наад зах нь халуун тогоо, ус буцалгагчийг газраар, хүүхдийн гар хүрэх газар байрлуулж болохгүй. Хэрвээ түлэгдсэн тохиолдолд эцэг, эхчүүд анхны тусламжийг маш сайн үзүүлбэл түлэгдлийн зэрэг буурч, талбай багасна” гэдгийг Т.Бат-Эрдэнэ эмч сануулж хэллээ.

ТҮЛЭГДСЭН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:
1.Түлэгдсэн зүйлээс яаралтай холдуулах
2.Өмссөн хувцсыг эвтэйхэн тайлж, салгаж авах
3.Крантны бүлээн усаар 5-10 минут урсгаж угаана /Хүйтэн усаар угаавал аюултай/

Анхны тусламжийн дарааллыг бүрэн эхээр нь эндээс ЭНД-ээс үзнэ үү.

Улсын хэмжээнд л гэхэд тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт гэх статистикыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Нас барсан хүүхдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн хэмээн ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Пүрэвжав мэдээллээ. Жил ирэх тусам хүүхдийн түлэгдэлт буурахгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагынхан хамтран “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлагаас” нэг сарын аяныг нэгдүгээр сарын 15-наас эхлүүлжээ. Энэ хугацаанд эцэг эхчүүдэд мэдлэг мэдээлэл хүргэх, сургагч багш бэлтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг явуулах зэрэг цогц байдлаар ажиллах юм байна.

Хүүхэд түлэгдэнэ гэдэг эцсийн дүндээ эцэг эхийн хариуцлагатай холбоотой тул дор бүрнээ хариуцлагаа ухамсарлах нь эрсдэлээс сэргийлэх томоохон гарц гэдгийг албаныхан сануулж байлаа.

“Хүүхдийн  түлэгдэл – Эцэг эхийн хариуцлагаас” аяны мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Б.ЗОЛЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж