Амийг нь авахаар ирэхдээ “Тог,тог, тог. Уулнаас ирсэн уранхай дээлтэй чоно байна” гэдэг шиг ядуурал хэдийнэ Монголын хаалгыг тогшоод эхэлжээ. Эдийн засаг хямарснаас болж иргэд талхаа таллаж, махаа грамллаж авдаг болсоор удаж байгаа хэдий ч өдгөө энэ нь хэвийн үзэгдэл болов.
Хаа сайгүй нүүрлэх хямрал монголчуудын халаасыг тэмтчиж, баян ядуугийн зааг улам бүр томорсоор байна. Төрийн түшээ нар 200 сая төгрөгийн цагаар гангарч, жирийн иргэдийн цалин ам.долларын өсөлтөд хяргуулсаар л. Эдийн засгийн онолоор хямралын хамгийн хүнд ачааг эмзэг бүлгийнхэн нуруун дээрээ үүрдэг бол харин баячуудад ашигтайгаар тусдаг аж. Эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар эдийн засаг хямрахын хэрээр жирийн иргэд ядуурдаг бол харин баячуудын хөрөнгө хямралын үед хамгийн их арвиждаг байна.
Нэгэн тоо бодъё. Жилийн өмнө иргэн Бат 500 мянган төгрөгийн буюу 256 ам.долларын цалин авдаг байсан бол 200 ам.доллар болж ханшийн өсөлтөд 56 ам.доллараа “идүүлж” байна гэсэн үг.
Дэлхийн банкны эдийн засагч Jim Anderson хувийн блогтоо “Ядуурлын түвшин нь эдийн засгийн өсөлттэй хамааралтай байдаг учраас энэ үзүүлэлт гайхмаар зүйл биш. Урьдчилсан байдлаар энэ оны эдийн засгийн өсөлт 0.1 хувь байхаар байна. Олборлох салбараас бусад салбарын үйлдвэрлэл буурч байна. Нийгмийн халамжид суурилсан Монголын тодорхой хугацааны давтамжтай бодлого нь одоо сөрөг нөлөөгөө үзүүлж байна. Тодорхой зорилготой, давтамжтай нийгмийн халамжийн бодлого нь цаг хэцүүдэх үед тэлэхэд хүндрэлтэй болгож байна” хэмээн бичжээ.
300 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо 124 мянгад хүрсэн бол 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 153.3 мянга байна. Харин 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 273 мянга, үүнээс дээш орлоготой өрх 31.9 мянга байна. Өөрөөр хэлбэл, дундаж төвшнийхөн буурч, эмзэг бүлгийнхний тоо өсчээ. Учир нь 2015 оны энэ үетэй харьцуулахад манай улсад 500 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо 33 мянгаар нэмэгджээ.
Монголын ядуурлын төвшин 2010-2014 он хүртэл буурчээ. Илүү тодорхой хэлбэл, 2010 онд 38.8 хувьтай байсан ядуурал 2014 онд 21.6 хувь руу буусан байна. Гэвч, өнгөрсөн жилээс ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал өссөн гэсэн судалгаа бий.
Үндэсний статистикийн газраас энэ оны гуравдугаар улиралд өрхийн мөнгөн орлого, зарлагыг ангилж задаргааг нь албан ёсны сайтдаа тавьсан байна. Эндээс харахад, 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо 124 мянгад хүрсэн бол 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 153.3 мянга байна. Харин 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 273 мянга, үүнээс дээш орлоготой өрх 31.9 мянга байна. Өөрөөр хэлбэл, дундаж төвшнийхөн буурч, эмзэг бүлгийнхний тоо өсчээ. Учир нь 2015 оны энэ үетэй харьцуулахад манай улсад 500 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо 33 мянгаар нэмэгджээ.
“Ядуурлыг арилгах цаг нь яг одоо” гэх нийтлэлдээ Jim Anderson “Ийм хэцүү үед төсөв, санхүүдээ хийх өөрчлөлтдөө эдийн засагт ядуурлын үзүүлэх нөлөөг бодолцох нь тус болно. Нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжиж байгаа 71 хөтөлбөр, төслийг нэгтгэн ядуурлыг бууруулах нэг том хөтөлбөрт багтаан, нэг зорилгод чиглүүлж чадвал илүү үр ашигтай байх болно” хэмээн зөвлөжээ.
Нэг хэсэг Монголын улстөрчид ядуурлыг арилгана гэж популизм хийдэг байв. Харин одоо ажилтай орлогтой иргэдийг бий болгоно гэж Ардчилсан нам ч, Монгол ардын нам ч амалсан. Харамсалтай нь, уул уурхай, барилга, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт ажилгүйдэл нэмэгдэж байна.
Хямрал, ханшийн өсөлтөөс болж "Уучлаарай, баяртай" гэж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажилчдадаа хэлэхэд хүрч байна.
Дээр нь ханшийн өсөлтийг саармагжуулах үүднээс Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь хүргэсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусч буй. Тэд энэ хүнд үед цалингаа нэмэхгүй юм аа гэхэд ажилчдынхаа тоог бууруулахгүй байвал их юм. Гэвч, хямрал, ханшийн өсөлтөөс болж "Уучлаарай, баяртай" гэж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажилчдадаа хэлэхэд хүрч байна.
Зарим улс оронтой харьцуулахад, Монгол харьцангуй их хөрөнгө оруулалт хийдэг ч дийлэнх нь үр ашиггүй болдог. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж, зарцуулалтыг илүү үр дүнтэй болгох нь ядуучуудад дарамт бололгүйгээр төсвийн ачааллыг хөнгөлнө гэдгийг ноён Жим анахааруулжээ.
Тэрбээр “Ядуурлыг арилгах гэдэг нь зөвхөн уриа төдий биш. Эдийн засгийн бодлогод ядууралд үзүүлэх нөлөөллийг шинжлэн дүгнэх хэрэгтэй. Энэ бол боломжтой зүйл” гэдгийг ч нийтлэлдээ онцолсон байна. Харин эрх баригчид юу гэж бодож байна вэ?
Ж.ЭРХЭС