12.15 цаг
Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгийн отгон эзэн болсон МУГЖ Г.Ариунбаатар одонгоо гардан авсны дараа хүндэтгэлийн үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ:
МУГЖ Г.Ариунбаатарын хэлсэн үг /бүрэн эхээрээ/
-Их эзэн Чингисийн мэндэлсэн энэ сайхан өдөр Төрийн дээд одонгоор шагнаж байгаад би баяртай байна. Дуучин болох хүслийн минь галыг бадрааж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэсэн сайн багш нартай учирсан би. Дэлхийн тайзан дээр гарах бүрт Монгол хүн шүү би гэж өөрийгөө зоригжуулж байдаг. Миний гаргасан амжилт бол сонгодог урлагт итгэл зүтгэл өгсөн хүмүүсийн ач тус юм. Би Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Миний эх орон бол амьдын диваажин. Чингис хаан биднийг дэлхийд сүр хүч болгож авч явдаг. Энэ хүний мэндэлсэн өдөр намайг шагнаж байгааг надад их амжилт найдвар хүлээлгэж байгаа гэж ойлгож байна" гэв.
Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн, айлын гурван хүүхдийн нэг. Тэрээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгссөн байна.
Дуучин Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь
М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр,
Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр,
Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал,
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн билээ.
12.00 цаг
Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг гардуулан өгөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний гэргий, Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа нар болон УИХ-ын дарга М.Энхболд, гэргий Ж.Туяацэцэг, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Тунгалагийн хамт оролцсон юм. Өнгөрсөн он жилүүдэд “Чингис хаан” одонгоор энгэрээ мялаасан эрхмүүд хүндтэй суудалд уригдан суусан байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг /бүрэн эхээрээ/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонг гардуулахын өмнө хэлсэн хүндэтгэлийн үгэндээ “Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Монгол хүн бүрт, Монголын төлөө зүрх бүрт энэ сайхан бахархалт өдрийн мэнд хүргэе. Монголголчууд бахархлыг бүтээж, түгээж ирсэн ард түмэн. Бидний бахархал бол Монголын сайхан эх орон, тусгаар тогтнол, Монголын их өв соёл, Монголын түүх билээ” хэмээн тодотгон өгүүлсэн.
Хүн төрөлхтөний соёлын үнэт өв болсон сонгодог урлагт амжилт гаргана гэдэг амаргүй даваа гэдгийг тодотгоод МУГЖ Г.Ариунбаатарын нөр их хөдөлмөр хичээнгүй зан чанар монгол ахуй, монгол хүний эрхэм даруу зан чанараас эхтэй гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Г.Ариунбаатар гурван хүүхэдтэй айлын нэгэн хөвүүн, жирийн монгол залуу. Гэвч тэрбээр дэлхийн сонгодог урлагт хэдийнээ мөрөө гаргасан билээ. Бөмбөрцгийн сонгодгуудын өрсөлдөөнд олонтаа оролцож, манлайд нь гарч чадсанаараа тэр онцгой гэдгийг шагнал гардуулах танхимд хуран цугласан олонд дуулгалаа.
Мөн Г.Ариунбаатарын багш Д.Банди, О.Ичинхорлоо болоод түүнийг дуучны их замд хөтөлсөн Цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Гаваасүрэн, гэргий Г.Цэцэрлэг нарт талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнийг анх “Сүлд” чуулгад хөтлөн оруулсан 2008 оны 10 дугаар сараас хойш их хугацаа өнгөрөөгүй ч дэлхийн дайдад дуу хоолойгоо хүргэсэн гавьяаг нь үнэлээд эрхэм дээд шагналыг гардуулан өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ:
Энэхүү шагнал бол дуурийн дуулаач, сонгодог их хөгжимчид, балетчдын шагнал юм. Залуу үеийнхний шагнал юм.
Нэг хүний үлгэр дуурайл сая сая хүнийг урамшуулдаг.
Сонгодог урлаг энгийнээс төрдөг.
Сонгодог урлаг хүнийг төгс байхыг, сэтгэл зүтгэлтэй, хүмүүжилтэй байхыг шаарддаг.
Монголын уламжлалт соёл ёс заншил, жинхэнэ сонгодог хэмээн өгүүлээд төрийн тэргүүн дээд одонг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
11.40 цаг
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгийн отгон эзнээр тодорч буй хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар юм. Түүнд эрхэм дээд шагнал гардуулах ёслол яг одоо Төрийн ордонд болж байна. Төрийн тэргүүн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгнө.
Д.ЦЭЦ
Гэрэл зургийг Г.ДАША