Нью Йоркод сонссон шүүмж

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Нью Йоркод сонссон шүүмж

НҮБ дэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлал өндөрлөсний дараа Филадельфи хотод нэг өдөр саатсан юм. Энэ үеэр тус хотын Симфони найрал хөгжмийн чуулгаар нь зочилсон бөгөөд Монгол Улсын тэргүүний айлчлалд зориулж тус чуулга Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэв. АНУ-ын Их таван симфоны нэгд тооцогддог, ирэх хавар Бээжин, Сөүл, Улаанбаатар, Шанхайд тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.

Хөл, хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэй Нью-Йоркийг бодвол Филадельфи нь харьцангуй тайван хот шиг санагдсан. Пенсильваны их сургуулийн оюутнуудад зориулж, Монголын Ерөнхийлөгч лекц унших үеэр түүнтэй уулзахаар олон хүн цугларсны нэг нь 104 настай халимаг эмээ.

Эцэг нь монгол хүн байсан, тиймээс Монголын Ерөнхийлөгчтэй уулзахыг хүссэн талаараа хуучлах түүний насан туршийн мөрөөдөл нь Монголд очиж үзэх байжээ. Гэвч, энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй Аниса гуайн хувьд Монголын Ерөнхийлөгчтэй уулзсан нэг насны мөрөөдлөө гүйцээсэнтэй ялгаагүй явдал болсон гэв. 20 зууны эхээр тус улсад цагаачид олноор суурьших болсны нэг нь Аниса настан байсан гэж охин нь ярив. Эмгэний хувьд Монгол бол сэтгэл зүрхний боловч холын танихгүй орон бололтой.

Наймдугаар сард болсон Монголч эрдэмтний хуралд оролцож, “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан Алиша Ж.Кэмпи гэх эрдэмтэн Монголын Ерөнхийлөгчийн тавих лекцийг сонсохоор иржээ. Тэрбээр Монголын гадаад харилцааг судалдаг, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан гэнэ. Ерөнхийлөгчийн лекц Пенсильванийн их сургуулийн оюутнуудад таалагдсан бололтой, олон ч оюутан Монголын тухай сонирхон асуусан. Тус сургууль нь дэлхийн шилдгүүдийн 20-д жагсдаг. Монголоос гурван ч оюутан суралцаж байгаа аж. Тус сургуулиас нийт Нобелийн шагналтан 28 төрсөн талаараа ч тус сургуулийн оюутнууд бахархаж байна лээ.  

Пенсильван нь Жорж Вашингтон болон Жон Адамсын үед АНУ-ын нийслэл байсан гэнэ. Гэвч, 1897 оны өвөл байгалийн гамшиг болж, олон барилга, байгууламж сүйдэн, хотод асар их хохирол учруулсан байна. Тус хотын цэцэрлэгт хүрээлэнд Тусгаар тогтнолын танхим, Эрх чөлөөний хонх, АНУ-ын анхны банк, хотын цэнгээний газрууд зэрэг барилга байгууламж байрладаг. Одоо бол  иргэд, жуулчдад зориулсан музей болж. АНУ-ын түүхийн өв ч гэж хэлж болохоор юм билээ.  

Филадельфи нь улсынхаа долоо дахь том эдийн засагтай муж. ДНБ нь гэхэд л 338 тэрбум ам.доллартай тэнцдэг гээд бод доо.  Гэтэл Монголын ДНБ  бол 28.6 тэрбум. Эрүүл мэнд, аялал жуучлал, био технологи, газрын тосны үйлдвэрлэлээрээ мөнгө олдог. Улсдаа тэргүүлэгч, нүүрс үйлдвэрлэгч аж. Аялал жуучлал бол дээд зэргээр хөгжсөн  хот юм байна.

Улаанбаатар уг нь жилд нэг сая жуулчин авах “мөрөөдөлтэй” байсан. Хотын шинэ дарга энэ салбарт одоо ямар бодлого, ямар хөтөлбөр хэрэгжүүлэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Филадельфи хотынхон аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд үүх түүхээ айхтар сурталчилдаг, хайрлан хамгаалдаг хүмүүс юм байна.  Түүнээс манайхан шиг  төв талбайгаа АН-ынхан “Чингис”, МАН-ынхан нь “Сүхбаатар” гээд нэрлэж, маргалдаад суудаггүй. Филадельфи бол өнөөдөр аж үйлдвэр болон төмөр замын төв бүс болжээ. Америкчууд төмөр зам барихдаа чанар стандарт, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж сурсан улс гэж Вашингтон дахь Монголын ЭСЯ-ны ажилтан ярив. Өнгөрсөн онд гэхэд тус хот 29 сая гаруй жуулчин хүлээж авсан гэх мэдээлэл ч байна.  

Харин монголчуудын хувьд аялал жуучлалыг хөгжүүлнэ, эдийн засгаа солонгоруулна гэдэг лав л бүтэхгүй үлгэр бололтой. Ямар сайндаа л хаа байсан АНУ-д, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр монголчууд ярьсан хэлсэндээ байдаггүй гэсэн шүүмжлэлийг Гадаад харилцааны сайд сонсоод нүүрээ улайлгаж суухав.

Бусад улс оронтой тохирсон, ярьснаа хэрэгжүүлдэггүй учраас монголчуудтай “юм ярихад” төвөгтэй гэж гадаадынхан шүүмжлэлттэй ханддаг. Үүнийгээ ч НҮБ-ын 71 дүгээр чуулганд оролцох үедээ манай хоёр хөрш Орос, Хятадын сайдууд Монголын Гадаад харилцааны сайдад ил шулуухан хэлсэн бололтой. Гадаад харилцааны сайд далайд гарцгүй, хөгжиж яваа улс орнуудын хуралдаанд оролцож, зовлон жаргалаа ярилцсан юм. Мэдээж, Монгол шиг далайд гарцгүй орны хувьд хамгийн тулгамдсан асуудал бол тээвэрлэлт. Гуравдагч хөршөөр дамжин гарах энэхүү тээвэрлэлтийн асуудал дээр Орос, Хятадын төлөөлөгчидтэй ярилцах үеэр тэд ийм шүүмжлэл гаргасан юм уу даа.

Хятадаас хэрэгжүүлж байгаа “Бүслүүр ба зам”-д Монгол яаж оролцох гээд асуудал хөндөгдөх үед  манайхны урьд өмнө ярьж байгаад “таг мартсан” зүйлүүдийг нь сануулсан бололтой юм.

Ийм л найдваргүй, хэлсэн ярьсандаа байдаггүй гэдэг сэтгэгдлийг Монгол гадныханд үлдээхээр яалтай ч билээ. Ерөнхийдөө бол манайхан хөгжил, хамтын харилцаа ярихаар өөдөөс нь өөрсдөөс  чинь л болдог шүү дээ гэдэг юм уу даа. Гадныхан бол “Бид бэлэн, та нар л өөрсдөө тохирсон, ярьснаа хийхгүй суудаг шүү дээ” л гэсэн бэлэн тайлбар хэлдэг  болсон бололтой юм.  Үүнийг шинэ засаг, шинэ парламент бодууштай л юм билээ.

Учир нь бид хэрэлдсээр дэлхий хийсээр, бид суусаар, дэлхий хөгжсөөр. Холын Америкаас ийм л бодол тээсээр Монголдоо ирлээ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж