Анхны алтан баззерын эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

Анхны алтан баззерын эзэн тодорлоо

“Монгол HD” телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд” шоу хоёр дахь жилдээ үзэгчдэд хүрч байгаа билээ. Анх гарч эхлэхээсээ олны анхаарлыг татаад байгаа “Авьяаслаг монголчууд” шоу жил ирэх бүр улам өргөжиж, баяжиж байна. Энэ жилээс эхлэн тус шоунд шинээр нэмэгдсэн нэгэн зүйл бол “Алтан баззер”. Шүүгчдийн 100 хувийн саналаар алтан баззер авсан оролцогч, дараа дараагийн шатны шалгаруулалтаас чөлөөлөгдөж, шууд шилдэг 32-т өрсөлдөх эрх нээгдэх юм.

Бөөн бөөн боломж, хэмнэлт дагуулсан асар өндөр үнэлгээт алтан баззерын анхны эзнээр 087 дугаартай Э.Энх-Эрдэнэ шалгарсан юм. Тэрбээр “Шонхор” захад ачигчаар ажилладаг бөгөөд бяцхан хоёр хүү, гэргий нь түүнийг дэмжихээр уг шоуг үзэхээр ирсэн байлаа. Э.Энх-Эрдэнэ Никитон хамтлагийн дуучин Б.Батчулууны дуулсан “Янаг цэцэг” дуугаар нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцсон бөгөөд шүүгч Б.Баярсайхан /Roket Bay/ сэтгэлээ барьж дийлэлгүй алтан баззер дарсан юм. Бусад шүүгчид ч түүний энэ үйлдлийг буруутгаагүй санал нэгдсэнээр Э.Энх-Эрдэнэ шоуны сүүлийн 32-т үлдлээ. Тэрбээр “Би гэргийдээ энэ наадмын сүүлийн наймд багтаж үлдэнэ гэж амласан” хэмээн “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр хэлсэн билээ. Эгэл даруу төрхийн цаана ихээ авьяас нуугдан байдгийг харуулсан Э.Энх-Эрдэнэд амжилт хүсье.

М.СУРА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж