Каори Ичо олимпийн дөрвөн удаагийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Каори Ичо олимпийн дөрвөн удаагийн аварга болов

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын 12 дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүд 48, 58, 69 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. “Olympic Training Center–Hall 3” спортын ордонд болж буй тэмцээнд манай бөхчүүдээс ДАШТ-ий гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ П.Орхон нар дэвжээнд гарсан ч медальд хүрч чадсангүй.

Чөлөөт бөхийн эхний өдрийн тоймыг хүргэж байна.

58 кг-ын жинд манай бөх П.Орхон дагах барилдаан хийж Германы бөх Луиса Хелга Герда Немешийг ард гарч оноо түүсээр цэвэр ялсан ч Энэтхэгийн бөх Сакши Маликт 3-12 онооны харьцаагаар хожигджээ.

69 кг-ын жинд манай бөх О.Насанбурмаа дагах барилдаанд Казахстаны Э.Сыздыковаг баруун хөлд нь сууж ард нь гарч 2 оноо авсан ч зүүн хөлд нь явсан ч өрсөлдөгчөө ардаа алдаж 2:3 онооны харьцаагаар дийлдлээ.

Эхний өдөр манай 2 бөх 7 барилдаан хийснээс 3 ялалт авч 4 ялагдал хүлээж медалийн төлөө барилдаан хийсэнгүй, медальд хүрч чадсангүй.

48 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаан онц сонирхолтой болж Японы бөх Эри Тосакo нь Азербайжаны Мария Стадниктай өрсөлдөхдөө 1:2 онооны харьцаагаар ялагдаж яваад барилдаан дуусахаас 4 секундын өмнө шийдсэн мэх хийж хөлд нь явж 2 оноо авч олимпийн аварга боллоо. Тосака тамирчин хүн ялалтын төлөө эцсээ хүртэл тэмцэх ёстойг харуулав.

Энэ өдрийн барилдаануудын нэг онцлог нь барилдааны санаачилгыг авч илүү оноотой явсан бөхчүүд барилдааны төгсгөлд ялагдал хүлээж байсан явдал юм. Цаанаасаа тэгж заасан байсан юм байлгүй дээ. Оросын бөх Валерия Коблова /Жолобова/, Наталья Воробьёва, Энэтхэгийн бөх Сакши Малик, Азербайжаны бөх Юлия Раткевич, Киргизийн бөх Айсулуу Тунебыкова нар медалийн өнгөө хувиргах, медалийн төлөө барилдаанд харамсалтайгаар ялагдсан.

Тэмцээний эхний өдөр 12 медалийг Азербайжан, Болгар, Казахстан, ОХУ, Тунис, Швед, Энэтхэг, Япон гэсэн 9 орны бөхчүүд хуваан авсны дотор Японы бөхчүүд 3 алт, Оросын бөхчүүд 2 мөнгөн медаль авлаа. Азын тэнгэр японы бөхчүүдийг ивээжээ.

Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар үзэж сонирхож бөхчүүдээ дэмжиж байна.

ДҮН:

48 кг:

1. Эри Тосакo, Eri Tosako /ДАШТ-ний мөнгө, 3 алтан медальт, оюутны Универсиад наадмын болон Азийн спортын наадмын аварга/
2. Мария Стадник, Mariya Stadnyk /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын болон Европийн 4 удаагийн аварга/
3. Сун Янан /БНХАУ, ДАШТ-ний алт, мөнгөн медальт/
3. Элиса Атанасова Янкова, Elitsa Atanasova YANKOV /Болгар, залуучуудын дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт/

58 кг:

1. Каори Ичо  /Япон, олимпийн 3 удаагийн, дэлхийн 10 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний аварга/
2. Валерия Коблова /Жолобова/, /ДАШТ-ний мөнгө, хүрэл, Зуны оюутны Универсиад наадмын аварга, европийн хошой аварга/
3. Марва Амри, Marwa Amri, /Тунис, африкийн 7 удаагийн аварга/
3. Сакши Малик  /Энэтхэг, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
6. Пүрэвдоржийн Орхон /Үндэсний шигшээ багийн тамирчин, ”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Армийн ДАШТ-ний болон Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

69 кг:

1. Сара Дошо /Япон, ДАШТ-ний мөнгө, хошой, хүрэл медальт, оюутны Универсиад наадмын аварга/
2. Наталья Воробьёва /ОХУ, олимпийн аварга, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Оюутны Универсиад наадмын аварга, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга, Европийн спортын наадмын хүрэл медальт, европийн хошой аварга/
3. Эльмира Сыздыкова /Казахстан, азийн өсвөрийн болон залуучуудын аварга/
3. Анна Женни Ева Мария Франссон /Швед, дэлхийн аварга/
7. Очирбатын Насанбурмаа /Монгол, ДАШТ-ний 3 хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Универсиад наадмын мөнгө, Азийн спортын наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээниий алт, мөнгө, хошой
хүрэл медальт/

Д.ӨЛГИЙСАЙХАН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж