Монголын Үйлдвэрчний эвлэлээс УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг батлах болон энэ оны улсын төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газарт тодорхой саналуудыг хүргүүлэх болсон талаар өнөөдөр /2016.08.08/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ирэх дөрвөн жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр, Улсын их хурлын 2016 оны сонгуульд оролцох, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын энэ оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай 10 асуудлыг танилцууллаа. Үүнд:
Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болон “Монгол улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зэрэг 10 шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарт хүргүүлжээ.
Дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс харна уу. http://www.cmtu.mn/
Мөн энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Төрийн ажил залгамж чанартай байх нь зүйтэй. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж чадаагүй ажлуудыг хэрэгжүүлж, алдааг засаж залруулах ажлыг хууль эрх зүйн орчны хүрээнд гүйцэтгэх хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үед Монголын үйлдвэрчний холбоо, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр”-ийг баталсан. Харамсалтай нь цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн чиглэлээр тодорхой хуулиудыг батлах хүлээсэн үүрэг хүлээсэн байсан ч биелүүлж чадалгүй сонгуультай золгосон. Тиймээс “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэж ярилаа.
А.СҮРЭН