Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.
Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=15
САЛХИ, ДААВУУ, ХАРАНХУЙ
Францын дүрслэх урлагийн өвөрмөц дүр төрх Аннет Мессажэтэй өнөөдөр “уулзуулъя.” Найман жилийн өмнө би түүний Сөүлд дэлгэсэн үзэсгэлэнг анх үзсэн юм. Аннетийн бүтээсэн ертөнцөд хөл гишгэмэгц, түгшүүртэй, хав харанхуй том өрөөний шалыг зайгүй бүрхсэн улаан пансан даавуунууд хаанаас ч юм бэ үлээлгэсэн салхинд давалгаалан, давалгаалж, төсөөлшгүй олон хөдөлгөөнийг үүсгэн намирч байхыг үзээд бараг л зүрх зогсох шиг болдог. Тийм их догдлуулсан инсталляцийг урьд нь үзсэнгүй. Зориудаар үүсгэсэн салхи мөнөөхөн харанхуйгаас чимээгүй наашлах, бүр гэтэх мэт намдуухан тодрох гэрэлт улаан өнгийг эмзэг байдлаар өдөөн, чичигнүүлнэ.
Маш энгийн: Салхи, даавуу, харанхуй, бас аниргүйгээр л тэр гайхамшгийг урласан байсан. Тэндээс би Аннетийг анир гүм, бясалгал, басхүү дээд яруу найргийн тайлагдашгүй утгаар дүүрэн, нууцлаг эмэгтэй юм гэж төсөөлсөн сөн. Харин хожим илүү сайн мэддэг болж, бодсоноос минь тэс өөр, хүүхдэрхэг, сахилгагүй, үе үе жихүүцэл төрөм, заримдаа ч үзэгчдийг илт өдсөн, зоримог ажлууд хийдгийг мэдээд гайхсан шүү. Тас хар гялалзсан туфлийн дотор эр хүний бэлэг эрхтэний баримал углачихсан ч байх шиг… Чөлөөтэй эргэн хөрвөх чадвар бүхий уян хатан сэтгэлгээтэй нэгэн аж. Даавуун хүүхэлдэй, гэрэл зураг, жирийн уяа, газраас адар хүртэл давхарлан өрсөн номуудыг л ашиглаад асар их зүйлийг өгүүлж тэр чаддаг юм. “Хөдөлгөөнт баримал”-ыг жинхэнэ утгаар нь үзүүлнэ. Австралид дэлгэсэн нэг үзэсгэлэндээ балетын бүжигчин бүсгүйчүүдийн даашинзны доод хэсэг шиг дэрвэгэр, олон “дэлбээт”, хормой хэлбэрийн даавууг агаараас өлгөөд доор нь сэнс тавьчихсан. Сэнсэнд өнөөх нь эргэлдээд л, эгээ л бүжиг үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Эсвэл сарнайн, дэлгэрч буй дэлбээний ганцхан агшны давталт шиг… (Гэхдээ энэ улаан хормойт даашинз биш!) Маш баялаг сэтгэмжтэй, дэндүү ухаалаг зураач. 2005 онд Венецийн биенналийн “Алтан арслан” шагнал хүртжээ. Энэ удаа түүний инсталляци, зөөлөн баримлыг биш боди арт-ын бүтээлийг сонголоо. Үүнийг бүр далаад онд, нүцгэн эмэгтэйн бие дээр шууд зуржээ. Энгийн нэг натур, энгийн л хар зураг атал энэ хоёрын нийлэмж энгийн биш харагдаж буйн учир юу вэ? Анхаарал татам “хэт шулуухан” хэллэгт нь жирийн үнэний хүч оршиж байгаа болохоор тэр! Зөвхөн, жирэмсэн эмэгтэй хүнийг л бид “хүүхэд тээж яваа” гэж боддог. Гэтэл үнэндээ, хэвлийдээ яг одоо үр тээгээгүй ч, эм хүн бүрийн дотоодод ийм нэгэн амьд ертөнц бий билээ. Хэзээ л бол хэзээ нүдээ нээхэд бэлэн тэр нууцлаг “амь” цаг хугацааны зүүдэнд автаад амгалан нойрсож байгаа. ЭХЭЭС ДӨНГӨЖ МЭНДЛЭХДЭЭ Л ОХИД ӨӨР ХЭД ХЭДЭН ХҮНИЙГ ӨӨРТЭЙГЭЭ АВЧ ТӨРДӨГ гэж би боддог юм. Бурхад шиг л, ертөнцөд цоо шинэ хүн буй болгох тавилантай, “шидэт” бүсгүй танд өнөөдрийн зургийг зориулъя. “Нүцгэн зураг тавив” хэмээн зэмлэж мэдэх эрчүүлд зориулаад, Аннетийн бас нэгэн сэтгэл татам интсталляци болох, хөдөлгөөнт баримлын гоёхон бүтээл, хөөрхөн даашинзыг хамт нийтэллээ. Эвгүйцээд байвал энэ даашинзыг түүнд өмсгөчихөөрэй!
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ