Ам.долларын ханш 2090 төгрөгтэй тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш 2090 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрсөн долдугаар сар гарсаар долларын ханш үргэжилсэн өсөлт үзүүлсээр 2090 төгрөгтэй тэнцээд байна. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2086 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2090 төгрөгөөр зарж байна.

Шинэ хичээлийн жил ойртож байгаа тул ам.долларын ханш улам өснө гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байгаа юм.

Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхний хоногуудад цаг агаар 30-35 хэм хүрч, хэт халалт үүсч байна. Үүнтэй холбогдуулан тариалангийн бүс нутаг өнгөрсөн жилийнх шиг гандаж, ургац алдах эрсдэл үүсэхвий гэх болгоомжлол их байгаа юм. Тэгвэл албаныхны зүгээс хэт халалт богино хугацаанд үргэлжилнэ, цаашид сэрүүсэх тул ургацад сөргөөр нөлөөлөхгүй гэлээ. Ялангуяа энэ зун бороо хуртай сайхан зун болж буй тул хэдхэн хоногийн халалт төдийлөн ургацад сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн үзэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өнгөрөгч даваа гаригт /2016.08.01/ хэвлэлийнхэнд мэдээллээ. 2016 оны сайдын багцад их засварт зориулж 6.8 тэрбум төгрөг батлагдсан юм байна. Нийт 89 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 49 нь орон нутагт эрх олгогдож ажил нь хэвийн үргэлжилж байгаа аж. Мөн одоогоор 23 обьектын их засварын ажил бүрэн дуусчээ. Үүнд 10 сургууль, долоон цэцэрлэг, дөрвөн шинжлэх ухааны байгууллагын их засварын ажил хамаарч байна. Бусад ажлыг наймдугаар сарын 15-нд дуусгах чиглэл өгчээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын арван гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай  хуулийн төсөл санаачлан боловсруулж, хуулийн төсөлд санал авахаар өнгөрөгч даваа гаригт /2016.08.01/ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.

Хятадын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн долдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Ази, Африкийн залуусын анхдугаар наадмыг зохион байгууллаа. Ази-Африк тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгын хүрээнд Хятадын дарга Си Жинпиний санаачилгаар залуучуудын наадмыг зохион байгуулсан юм. Наадамд хоёр тивийн 36 орны 360 орчим залуус, мөн зохион байгуулагч Хятадын 200 хүн оролцов. Наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 1-ний өдөр “Нортбенз” маркийн ….. улсын дугаартай 40 тоннын даацтай ачааны автомашин иргэн М-ийн дэлгүүрийг мөргөсөн зам тээврийн ноцтой ослыг гаргалаа. Энэхүү ослын улмаас долоон иргэн нас барсан бөгөөд дэлгүүрт худалдагч хийж байсан А, автомашины жолооч А, тухайн автомашины кабинд хамт зорчиж явсан З, М, тээврийн хэрэгсэл осолдох үед явган хүний замаар зорчиж явсан Ц, Т, Б нар дайрагдан нас баржээ. Мөн жолоочийн хамт зорчиж явсан М биедээ хүнд гэмтэл авч тус аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын яамнаас өгч байгаа мэдээллээр 1-7 дугаар ангийн сурах бичиг нөхөн хангалтаар бүрэн хэвлэгдэж, Боловсрол, соёлын газруудад хүргэгдсэн бол 8-9 дүгээр ангийн сурагчид ашиглах сурах бичгийг хэвлэж эхэлсэн байна. Наймдугаар сарын 18-н гэхэд хэвлэгдэж дуусах аж. Хичээлийн шинэ жил эхлэхэд дээрх сурах бичгүүд бүгд орон нутагт хүргэгдчихсэн сурагчид авч ашиглах боломж бүрдэх юм байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж