Сонгуулийн тухай хуульд зааснаар өнгөрсөн даваа гаригаас эхлэн намын анхан шатны байгууллагууд нэр дэвшигчдээ тодруулж байна. Ардчилсан нам тэднийг нэр дэвшүүлэх эсэхийг маргааш буюу баасан гаригт хуралдахаар товлосон ҮЗХ-гоороо эцэслэх юм. Одоогоор аль, аль тойргууд нэр дэвшигчээ тодруулаад байгаа мэдээг тоймлон хүргэе.
С.Баярцогт Сэлэнгээс нэр дэвшинэ
Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын, гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг 100 хувийн саналаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мандат олголоо. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болжээ. Ийнхүү УИХ-ын сонгуулийн 25, 26, 27-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорхой боллоо.
Баянголыг З.Энхболд “удирдана”
Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд Баянголыг ахлахаар болж байна. Өнгөрсөн сонгуулиар тэрбээр жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүн болж байсан. Түүнтэй хамт “Шонхор”-ынхон буюу ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарт нэр дэвших эрхийг дүүргийн намын хорооноос олгов.
Сүхбаатар дүүрэгт залуус өрсөлдөнө
Ардчилсан намын өнгөтэй залуус нийслэлийн Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөөр болж байна. Тус дүүрэгт Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Мэдрээ нар өрсөлдөхөөр дүүргийн намын хорооноосоо мандатаа гардлаа. УИХ-ын хамгийн халуухан өрсөлдөөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрвөн тойрогт болох дүр зураг харагдаж байна
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгорт нэр дэвшихээр болжээ.
Хан-Уулыг АН-ын баячууд амлав
Хан-Уул дүүргийн намын хороо хуралдаж, нэр дэвшигчээ тодруулсан. Тус дүүрэгт Ардчилсан намын толгой баячууд буюу МоАН-ыг санаачлагчид нэр дэвшихээр болж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар Хан-Уулд очихоор болжээ. Тэдэнтэй хамт УИХ-ын даргын зөвлөх, Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Барилга хот, байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа нэр дэвших гэнэ. Мөн тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нэр дэвших мандатаа гардлаа.
Хэнтийн гурван “баатар”
Хэрүүл уруул болж байж гурван тойрогтой болгосон Хэнтий аймагт Ардчилсан намаас гурван “баатар” нэр дэвших гэнэ. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх М.Хүдэрбаатар, Хэнтийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар Ардчилсан намаас нэр дэвших эрхээ анхан шатны байгууллагаасаа авлаа.
Дархан-Уулд АН хамгийн сул хүмүүсээ сойв
Дархан-Уул аймгийн АН-ын хороо хуралдаж, нэр дэвшигчээ тодруулсны дараа хамгийн сул хүмүүсээ сойлоо гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Тус аймгаас Ардчилсан намын нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, МҮАН-аас Ардчилсан намд саяхан элссэн УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Мөнхдаш нар нэр дэвшихээр болжээ.
Өвөрхангайг МАН-д “хаяв” уу?
Өвөрхангай аймгийн Ардчилсан нам өчигдөр хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулжээ. Үүгээр хуралдааны санал хураалтын дүнгээр С.Дэмчиг 91.3%, Л.Бат-Орших 57.6%, Даваабаяр 50% нарыг УИХ-д нэр дэвшүүлэхийг дэмжээ. Тус хороо энэхүү нэрээ тавдугаар сарын 27-нд болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд оруулах юм.
Ховд АН-ынх болов уу?
Ховд аймгийн намын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ш.Адьшаа, Д.Пүрэвдорж нарт УИХ-д нэр дэвших мандатыг олгоод байна. Ардчилсан намаас нэр дэвшиж буй эдгээр эрхмүүд аль эртнээс тойргоо усалж, тордсон. Энэ утгаараа Ховдод ширүүн өрсөлдөөн болно гэсэн дүгнэлтийг улстөрчид хийж байна.
Сүхбаатараас Ж.Батсуурь “ногоон гэрэл”-ээр дэмжигдлээ
Сүхбаатар аймгийн хоёр тойргийн нэгийг Увсынхан “булааж” авсан. Тиймээс тус аймаг ганц мандаттай үлдсэн билээ. Тэгвэл Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, Засаг дарга Ж.Батсуурьтаа УИХ-д нэр дэвших эрхийг нь 100 хувийн саналаар буюу “ногоон гэрэл”-ээр дэмжсэн байна.
Баянхонгорт олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшинэ
Баянхонгор аймаг гурван мандаттай. Аймгийн намын хороо хуралдаж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
М.Зоригт Дорнод руу “шидэгджээ”
Зам тээврийн сайд М.Зоригт нэр дэвшихгүй гэсэн өмнө хэлсэн үгнээсээ булзаж, өнөөдөр Дорнод аймгаас нэр дэвших мандатаа өвөртлөв. Өмнө нь Дорнодод өрсөлдсөн ч ялагдаж байсан гашуун түүх түүнд бий. Харин түүнтэй хамт Дорнодын тойрогт аймгийн намын хорооны дарга Д.Энхбаатар нэр дэвших мандатаа олж авчээ.
Увсын нэр дэвшигчдийг Н.Алтанхуяг ахална
Сүхбаатарын нэг тойргийг “булааж” авсан гэх асуудалд орсон Увс аймгийн Ардчилсан намын хороо нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус аймгаас УИХ-ын гишүүн, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний зөвлөхөөр ажиллаж байсан “Тэсо”-гийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар нэр дэвших мандатаа авчээ. С.Отгонбаярын дүү С.Амарсайхан нь МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа. Ийнхүү ах, дүү хоёр Монголын баруун, зүүн бүсийг “амлаж” авлаа.
Сураггүй нөхдүүд Орхонд өрсөлдөнө
Орхон аймгийн намын хороо шөнө дөл болтол хуралдаж, нэр дэвшигчээ тодруулжээ. Тус аймагт нэр дэвшихээ зарлаж, эртнээс тойрч, тордож байсан УИХ-ын гишүүн М.Батчимэг нэрээ татсан гэнэ. Ингээд тус аймгаас Д.Одхүү, Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн нар нэр дэвшихээр болжээ. Д.Одхүү З.Энхболдын хүн гэдэг утгаараа гарч ирсэн бололтой. Түүнээс М.Батчимэг гишүүнийг “сойх” хүсэл Орхоныхонд багагүй байжээ.
Баянхонгор аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хороод өнөөдөр хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах юм байна.
Ж.ЭРХЭС