Цэцийн шийдвэрээр Шударга ёс эвсэл завсарлага авчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Цэцийн шийдвэрээр Шударга ёс эвсэл завсарлага авчээ

-УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн  80 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.Үндсэн хуулийн Цэцээс Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн тул дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа  давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдана.

-Мөн өчигдөр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр болж, танилцуулга хийн, гишүүд асуулт асуухаар кнопоо дараад байх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаанаа тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Цэцээс гаргасан пропорциональ тогтолцооны асуудлаарх дүгнэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ярилцаж байна. Ийм учраас тав хоногийн завсарлага хүслээ” гэсэн байна. УИХ-ын даргын зүгээс “Болж өгвөл завсарлага авмааргүй байна. Сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор хугацаа тулж байна. УИХ намуудад нэрээ дэвшүүлэх боломж олгохгүй бол болохгүй байна” гэжээ.

-Авлигатай тэмцэх газраас Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор саатуулжээ. Түүнийг  энэ сарын 25-ны өдөр иргэн М-ээс хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. 

-Хотын төв болоод 3,4 дүгээр хороолол орчимт гуйлга гуйх хүүхдүүд сүүлийн үед олширч байгаа. Тэгвэл есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 500 мянган төгрөгөөр эцэг эх, асран хамгаалагч, гуйлга гуйлгасан хүнийг торгохоор хуульчилжээ.

-Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 25-ны өдөр  таван сурагч ахуйн хэрэглээний газ үнэртэж байх явцдаа тамхи татаж, дэлбэрэлтэд өртсөн тухай ЦЕГ-аас өчигдөр мэдээллээ. Тэд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд ажиллахаа больсон халуун усны барилгад газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртөж, түлэгджээ.  Түлэгдсэн сурагчид уржигдөр /2016.04.26/ ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдэн ирсэн байна.  Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

-Далайн түвшнээс 1000 гаруй метрийн өндөрт оршдог Монгол Улсын зөгийн бал дэлхийд хамгийн шимтэй, органик нь гэж зөгийчид тайлбарлалаа. Гадны улсууд Монголын зөгийн балыг авах  хүсэл их байдаг. Гэтэл монголчууд өөрсдөө импортын зөгийн бал түгээмэл хэрэглэдэг. Иймээс төрөөс зөгийчдийг дэмжсэн бодлого явуулж, импортын зөгийн балын татварыг нэмэх бүр цаашлаад хориглох шаардлагатайг өчигдөр зөгийчид ярьжээ.

-Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байх тогтоолыг УИХ өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Энэ хавартаа багтаад “Сентерра Гоулд” компани Ноён уул хайрханд олборлолтоо эхэлнэ гэж өчигдөр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдлээ. Засгийн газар Гацууртын ордыг хэрхэн яаж ашиглахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцох ажил үргэлжилж буй юм. Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшсэнээр засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432,3 сая ам.доллар буюу 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт есөн жилийн хугацаанд Монгол Улсад орж ирнэ гэж салбарын яам нь тооцсон байна.

-Газрын тосны газар “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компанитай газрын тосны хайгуулын “Дарьганга-XXIV” талбайд газрын тосны хайгуул хийх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зуржээ. “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компани нь тус талбайн хайгуул ашиглалтын үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй “Монголиа шин ий энержи” ХХК-иар дамжуулан гүйцэтгэх  юм байна. Ингэхдээ  эхний дөрвөн жилийн хугацаанд 25 сая ам.долларын хөрөнгө оруулна. Цаашид тус талбайн хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч нэмэлт хөрөнгө оруулалтыг хийнэ гэж талуууд тохиролцсон тухай өчигдөр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж