Аюулгүй хариуцлагатай уул уурхайг дэмжигч Бороо гоулд ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казакофф, Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэт медалиар шагнуулав. Энэхүү медалийг олгохдоо Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон: “Бороо гоулд компанийн Монгол улсын эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт манай салбарын хувьд их чухал юм. Бороо гоулд Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхийн барилгыг барьж өгөх санаачлага гаргасан. Энэ нь бусад компаниуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан, түүнийгээ хэрэгжүүлэхэд манлайлан уриалж байна гэж ойлгож байгаа. Танай уриалгыг олон компаниуд хүлээн авч, ажил хэрэг болгоно гэж найдаж байна. Танд бөгөөд танай хамт олонд шинээр мэндлэж буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн нэрийн өмнөөс баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлж буйг хүлээн авна уу” хэмээв.
Медалиа гардаж аваад удаагүй байсан Бороо гоулд ХХК-ний захирал Жон Казакоффын сэтгэгдлийг сонсоход тэрээр “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажилладаг компанийн нэг том үзүүлэлт бол нийгмийн хариуцлага байдаг. Бид Монголын үрс аюулгүй, найдвартай орчинд эсэн мэнд төрж өсөхөд нь туслах гэсэн юм. Шинээр баригдах төрөх газарт маань маш олон ээж нар эсэн мэнд амаржаасай гэж хүсч байна” гэлээ.
Энэхүү ойн баяраа тэмдэглэж буй Эрүүл мэндийн салбарыхан 90 жилийнхээ ойг 9 том ажлаар угтан тэмдэглэж буйгаа энэ дашрамд хуваалцаад, салбартаа олон улсын стандартыг хэвшүүлэхээр ажиллаж байгаа, мөн үүнд уул уурхайн салбарын хувь нэмэр их байгааг дурдсан юм.