УИХ-ын гишүүн С.Оюун: АРДЫН НАМЫНХНЫ САНАЛЫГ ДЭМЖВЭЛ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ ГЭСЭН ҮГ
-Иргэний зориг-Ногоон нам пропорциональ тогтолцоо давамгайлсан хувилбарыг дэмжиж байгаа. Одоо яригдаж байгаа саналуудаас 50:26 хамгийн боломжтой хувилбар нь. Хэрэв энэ хувилбарыг баталж чадвал гишүүд хоорондоо намын бодлогоороо өрсөлдөх боломжтой болно. Хүн бүр тус тусдаа жалга дов тойрсон асуудал ярихгүй гэдгээрээ маш том давуу талтай. Харин Ардын намынхны ярьж байгаа 52:24 гэсэн хувилбарыг баталчихвал энэ нь хуучнаасаа ямар ч ялгаагүй болно гэсэн үг. Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, шинэчилье гэж бодож байгаа бол пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог гаргаж ирэх нь зүйтэй юм. Хувь тэнцүүлэхдээ дотор нь залуучууд, эмэгтэйчүүдийн гэх мэтээр квот тогтоож болно.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: “ИРГЭДИЙН СОНГОХ ЭРХ БАЙХГҮЙ БОЛНО” ГЭЖ АЙХ ХЭРЭГГҮЙ
-50:26 буюу пропорциональд суурилсан сонгуулийн тогтолцоог дэмжиж байна. Үүнд хэд, хэдэн давуу тал бий. Нэгдүгээрт, сонгогчдын саналыг хамгийн сайн тусгана. Хоёрдугаарт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх боломжтой. 50:26 гэсэн тоог бид санаанаасаа зохиож тавиагүй. Аль 2004 оноос хойш хийсэн судалгаанд үндэслэж гаргаж ирсэн юм. Намууд иргэдийн саналыг авахын тулд нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах нь тодорхой. Тиймээс иргэдийн сонгох эрх байхгүй болно гэж айх явдалгүй. Ер нь Сонгуулийн тухай хуулийг өөрчилснөөр сонгуулийн тоог цөөлөх гэх мэт олон асуудлыг шийдэх боломжтой.
УИХ-ын гишүүн Су.Батболд: СОНГОХ ЭРХИЙГ НАМД БИШ, ИРГЭДЭД ӨГӨХ ЁСТОЙ
-Сонгуулийн тухай хуулиар иргэдийн сонгох эрхийг баталгаажуулах явдал хамгийн чухал. Түүнээс биш намд энэ эрхийг олгож болохгүй. Америк, Англи гэх мэт хөгжлийн загвар болсон орнууд мажоритари тогтолцооноос татгалзаагүй хэвээр байна. Тэгэхээр энэ бас нэг юм хэлээд байгаа биз. Хэрэв пропорциональ нь шилдэг байсан бол тэдгээр улс сонгох нь яасан бэ. Ер нь пропорциональ нь сайн, мажоритари нь муу гэж хэт туйлшрах хэрэггүй. Харин пропорциональ тогтолцоо намд сонгох эрхийг нь олгодог гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин холимог тогтолцоо нь энэ хоёрын сайн, муу талыг тэнцүүлж чаддагаараа давуу. Ерөнхийдөө пропорционалийг аль болох бага байлгах нь чухал. Эс тэгвэл парламентын төлөөллийг сонгох эрх нь иргэдэд биш, намд шилжих гээд байна.
УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан: ОДОО ХЭРЭГЖИЖ БАЙГАА ХУУЛИЙН 100 ГАРУЙ ЗҮЙЛИЙГ ӨӨРЧИЛСӨН
-Миний хувьд мажоритарид суурилсан холимог тогтолцоог дэмжиж байгаа. Дээрээс тийм чиг өгсөн. Зарим гишүүн үүнийг эсэргүүцэж “Сонгуулийн тухай хуульд бараг өөрчлөлт орохгүй нь” гэж дүгнэж байгаа нь буруу юм. Үнэн хэрэгтээ бидний санал болгож байгаа хувилбар одоо хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуулиас 100 гаруй зүйлээрээ ялгаатай. Ер нь дэлхий дахинд намыг биш хүнийг сонгодог жишиг тогтчихоод байна. Бид түүнийг сөрөөд яах вэ. Маргааш (өнөөдөр) анхны хэлэлцүүлэг нь болж, сонгуулийн холимог тогтолцоог сонгохоор болсноо баталгаажуулна. Харин ирэх долоо хоногоос хоёр намын бүлэг хуралдаж, тооны асуудлыг шийдэх юм.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин