Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2015.10.11-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар тэмцээнийг орхилоо

Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө манай хоёр тамирчин тоглолоо.

Тэмцээний 60 кг-ын жинд Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Монголын шигшээ багийн гол найдвар болж байсан Д.Отгондалай Узбекстаны Элнур Авдурамов хүчтэй өрсөлдөж, тоглолт, ур чадварын хувьд илүүрхсэн ч шүүлт Узбескстаны боксчны талд байв.

Энэ тоглолтод Элнур Авдурамов манай тамирчныг 3:0-оор /30:27, 30:27, 30:27/ хожсон гэх санаанд багтамгүй үр дүн гарав. Ердөө сарын өмнө болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд манай Д.Отгондалай энэ тамирчныг 3:0 харьцаагаар илт давуу ялж, мөнгөн медалийн болзол хангаж байсан юм.

Ийнхүү мэргэжлийн олон хүний дүгнэж байгаачлан шүүлтийн эргэлзээтэй байдлаас болж, Д.Отгондалай хүрэл медалиа алдаж, тэмцээнийг орхилоо.

ТОГЛОЛТЫН БИЧЛЭГ

Энэ тулааны талаар Олимпийн аварга Э.Бадар-Ууган:

-Би ч бас олимпийн өмнөх жил шүүгчдэд даруулж, ялалтаа алдаж байлаа. Гэхдээ би тэр ялагдлаас маш их зүйл ухаарсан. Шүүгчтэй нь хамт "зодохгүй" л бол ялалт авч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймдээ ч би дараа жил нь Олимпийн аварга болж чадсан. Өнөөдрийн ялагдал маргаашийн ялалт байдаг. Нэгэнт сонгосон зорилгынхоо эцсийг үзтэл явна шүү" хэмээн бичсэн байв.


Д.Отгондалайгийн тоглолтын өмнө ОУХМ Г.Ган-Эрдэнэ 49 кг-ын жинд мөн хүрэл медалийн төлөө өрсөлдсөн. Дэлхийн "Универсиад" наадмын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ энэ тулаанд Оросын боксчин, Европын 2015 оны аварга Василий Егоровтой хүч үзэж, 2:1 /29-28 28-29 28-29/ харьцаагаар ялагдал хүлээсэн юм.


Ийнхүү Монголын боксчид анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх олгон, оролцуулж буй ДАШТ-ээс медаль хүртэх боломжгүй боллоо.

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу энэ ДАШТ-ий өмнө боксчдод тун хатуу шаардлага тавьсан бөгөөд ДАШТ-д өрсөлдөхийн тулд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг эхлээд биелүүлэх болсон юм.

Энэ хатуу шаардлагын дагуу Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 66 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авч, тэдэн дунд Монголоос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин багтан, Дэлхийн рингийг зорих болсон.

Дэлхийн аваргын эрх олгосон 2015 оны ААШТ-ээс ОУХМ Д.Отгондалай алтан медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн билээ.

Б.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж