“Урт нэртэй” хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

“Урт нэртэй” хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна

“Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжиж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар “Урт нэртэй” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэсэн ч энэхүү хуулийн төслийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхийг нь УИХ-ын зарим гишүүнээс лавлалаа. 

П.АЛТАНГЭРЭЛ: ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд зургаан гишүүн эсэргүүцэж байсан. Үүнтэй холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэх асуудал хойшилчихсон юм биш биз?

-Үгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Байнгын хорооны хурлын үеэр нэр бүхий гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж байсан ч журмын дагуу санал хураалт явуулсан учир байнгын хороогоор хэлэлцсэн. Ингээд УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар оруулахаар болсон юм. Харин хэзээ вэ гэдгийг дарга нар шийдэх ёстой байсан. Тиймээс өнөөдрийн /өчигдрийн/ хуралдаанаар оруулсангүй. Харин маргаашийн /өнөөдрийн/хуралдаанаар оруулахаар болж байх шиг байна.

– “Урт нэртэй” хуулийг санаачлагч гишүүнээр тэргүүлүүлсэн хэсэг гишүүн нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгааг та юу гэж үзэж байна вэ?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар гишүүд талцаж, хэрэлдээд байгаа зүйл байхгүй. Б.Бат-Эрдэнэ гишүүн тэргүүтэй хүмүүс “Урт нэртэй” хуулийг өргөн барьсан. Харин энэ хууль хэрэгжихгүй хоёр жил боллоо. Хуулийг хэрэгжүүлэхгүй гээд гэдийгээд байсан тохиолдол байхгүй шүү дээ. Хэрэгжүүлэх гэж оролдож  үз­сэн. Тооцоо, судалгаа маш муу. Үндэслэл муутай баталсан хууль учир хэрэгжүүлэхэд үнэхээр хүнд. Хэрэв  уг хуулийг энэ чигээр нь ингээд л зүтгүүлээд байвал хэрэгжих боломж гарахгүй. Аль, аль талдаа хохиролтой байх болно. Тиймээс энэ хуулийг хэрэгждэг хууль болгохын тулд зарим заалтыг нь жаахан уян хатан болгож нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

С.БАЯРЦОГТ: АСУУДЛЫГ ЗӨВ ОЛЖ, ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЁСТОЙ

-“Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуултад хариулахын тулд “Урт нэртэй” хуулийн гол асуудлыг тогтоох хэрэгтэй л дээ. Хуулийн гол асуудал нь шороон ордуудаас л үүдэлтэй. Харин алтны үндсэн ордуудын хувьд байгаль орчин сүйтгэж байна гэсэн асуудал огт ярихгүй байгаа. Учир нь алтны үндсэн ордуудад маш өндөр тех­нологи ашиг­­ладаг. Харин алтны шороон ордод хоцрогд­сон тех­нологи хэрэг­­лэж, их хэм­­жээний ус ашигладаг учир голын ойр орч­мын газарт байрш­сан байх нь түгээмэл. Тий­мээс алт­ны шороон ор­дуудыг хаах нь зөв. Ха­рин үүнийг хавт­гайруулаад Монгол Улсын хөгжлийг хязгаарласан тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй учир үүнийг эргэж харах ёстой гэсэн  байр суурьтай байгаа. Нөгөөтэйгүүр компаниудын үйл ажиллагааг хүчээр зогсоож, ашиглаж байсан газрыг нь чөлөөллөө гэхэд нинжа нар тухайн газарт ороод ирвэл яах ёстой вэ гэсэн асуулт бий. “Урт нэртэй” хуульд асуудал бий юү гэвэл бий. Тэгэхээр энэ асуудлыг зөв олж харж, зохицуулалт хийх нь зүйтэй.  

Л.ГАНТӨМӨР: ЭНЭ АСУУДАЛ Д.ЗОРИГТОД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ

-“Урт нэр­тэй” хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төс­лийг та дэмжиж байгаа юу?

-Би дэм­жиж бай­гаа. Өмнө нь баталсан хуу­лийг хэзээ ч өөрчлөхгүй бай­на гэж байхгүй биз дээ. УИХ бий болсон цагаасаа эхлээд хэдэн зуун хуулийг өөрчилсөн. Шинээр санаа­чилсан хууль гэж бараг байхгүй шүү дээ. Хуучин хуулиудаа яаж илүү сайжруулах вэ гэдэг дээр л ажиллаж ирсэн. “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь үүний нэг жишээ юм. Байнгын парламент ажиллаж байгаа тохиолдолд хуульд өөрчлөлт оруулах ажлыг хийж таарна.

-Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүд Д.Зоригт сайдыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл гаргаад байгааг та юу гэж харж байна вэ?

-Энэ асуудал Д.Зоригтод ямар хамаатай юм бэ. УИХ-ын гишүүд хууль өргөн барих бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилсан. Түүнийгээ УИХ-д өргөн барьсан. Одоо хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх гэж байна.

Р.САРАНГОО
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж