“Би Ч.Сайханбилэгийг танихгүй”

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

“Би Ч.Сайханбилэгийг танихгүй”

Засгийн газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дэд даргаар төрийн албанд ажиллаж байгаагүй, 27 настай мисс бүсгүйг томилсон гэх шуугиан олны анхаарлыг татсан, хардлага төрүүлсэн томилгоо байсан гэж мэдээлж буй. Тиймээс дээрх бүх асуудлаар ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагаас тодрууллаа.  

-Ярилцлагаа таныг хууль бусаар томилогдсон гэх асуудалд хариулт авч эхлэе гэж бодлоо?

-Хуулийн дагуу томилгоо байсан гэж хэлмээр байна. Би мэдлэг боловсролын тухайд хаана ч хэнд ч гологдохгүй гэж хэлж чадна. Би эрх зүйч, франц хэлний судлаач мэргэжилтэй. Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг төгсч, МУИС-ийн Хуулийн сургуульд магистрийн зэрэг хамгаалсан, АНУ-д хуулийн чиглэлээр суралцаж дүүргэсэн мөн Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистрийн зэрэгтэй төгсч байгаа. Англи, франц хэлтэй. Аливаа нэг удирдах албан тушаалд томилогдсон эмэгтэй хүнийг хоосон толгойтой нэгэн гэж харахаа болих хэрэгтэй шүү дээ. Яагаад эмэгтэй хүн гэхээр ажил хийж болдоггүй юм бэ?

-Төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй хүн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг удирдах ёсгүй гэж байсан. Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

-Би Мянганы сорилтын сан, Тогтвортой амьжиргаа төсөлд ажиллаж байсан.

-МАХН-д ажиллаж байсан уу?

-Тийм ээ. Ажиллаж байсан.

-Хэн нэгний “татаас”-аар томилогдсон мисс бүсгүй гэж таны тухай багагүй бичлээ. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүмүүс яаж ингэж дураараа ярьж, мэдээлж чаддаг юм бол гэж гайхаж байна. Би одоо 29 нас хүрч байна. Загвар өмсч байгаагүй, харин арван жилийн өмнө бол миссийн тэмцээнд оролцож байсан. Миссийн тэмцээнд оролцож байсан гээд мэдлэг боловсролгүй, хоосон толгойтой гэж хэлж болохгүй шүү дээ. Өнгөрсөн арван жилийн дотор би дөрвөн их сургуулийг дүүргэсэн байна. Харин нууц амраг, хэн нэгний “татаас” гээд байгааг эрс няцаамаар байна. Би Ч.Сайханбилэгийг ер танихгүй, уулзаж ч байгаагүй. Намайг томилогдсон даруйд гарсан бүх мэдээллийг намайг гүтгэсэн, нэр хүндийг минь гутаан доромжилсон гэж үзсэн учраас зохих журмын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан Нэр хүнд, боловсрол, хувийн амьдрал, гэр бүлд минь халдсан учраас нэр төрөө сэргээлгэхээр ийнхүү хуулийн байгууллагад хандсан.  

-Та гэр бүлтэй юу?

-Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Найз залуутай.

-Ажлаа хүлээн аваад багагүй хугацаа өнгөрлөө. Ажилтайгаа танилцаж амжсан уу?

-Ажилтайгаа танилцсан. Хэрэглэгчийн эрх ашиг багагүй хохирч байгаа учраас тэднийг хамгаалах чиглэлд голчлон анхаарч, гадаад харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж эхлээд байна.

Д.ЖАРГАЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж