Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол баталсан байна. Монгол Улс 2014 онд 940 орчим мянган түүхий нефть боловсруулж гадагш нь гаргасан бол 2015 онд 1 сая 50 тонныг олборлох төлөвлөгөөтэй байгаа аж. Манай улсын зүүн хэсгээр түүхий нефтийн олборлолт нэмэгдэж байгаа бөгөөд өмнө болон говийн чиглэлд хайгуулыг нэмэгдүүлэх бодлого барих талаар мэдээллээ. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 гаруй сумыг дамнасан Богд, Онгийн талбайд хөрөнгө оруулалт хийвэл газрын тосны олборлолт сайжрах боломсжтой боловч хөрөнгө оруулалтын хүндрэл учирсан учраас энэ компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд байжээ. 2014 онд Газрын тосны хууль батлагдаснаар Английн BG групп манай улсад хөрөнгө оруулах хүсэлт тавьжээ. Уг хүсэлтэд Төв Азийн Газрын тосны корпариацын гэрээний 78 хувийг өөртөө шилжүүлэхийг санал болгож ойрын 2-3 жилд 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хүсэлтийг Газрын тосны газар Засгийн газарт уламжилснаар өчигдрийн хуралдаанаараа Засгийн газар тогтоол гаргаж BG гурппт шилжүүлэх эрх олгожээ.
Тус групп нь дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, сүүлийн 15 жилд 15 томоохон орд нээсэн, 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна.
Замын ажлыг шууд гэрээгээр гүйцэтгэнэ
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шарга Морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын товчнооын хуучин уулзвараас Авто худалдааны цогцолбор хүртлэх 1.7 км автозамын ажил хийгдэх юм байна. Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, есдүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентийн чуулга уулзалт, ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх автозам, замын байгууламжийн ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт Засгийн газрын хуралдаанаас даалгажээ.Мөн Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх 3,4 км автозамын өргөтгөл, чинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай шууд гэрээ байгуулан шуурхай гүйцэтгэхээр болсон байна.
С.ОТГОН