Урт нэртээр улстөржих хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Урт нэртээр улстөржих хэрэггүй

Унаж буй эдийн засгаа сэргээхийн тулд манай парламентынхан “гоё” мөрөөдөл зурах болсон. Гэхдээ тэд эдийн засаг хямарсан шалтгааныг л зөвхөн яриад байгаа болохоос шалтгаануудаа эмчлэх талаар хуруугаа ч хөдлөхгүй суугаа юм.

Өөрөөр хэлбэл, бодлогын алдаанаас болж уналтад орсон эдийн засгаа эмчлэх, алдаагаа засах тухайд бол хоосон ярихаас хэтэрсэнгүй. УИХ лотор ярих нэг хэрэг, хийх бүр өөр гэдгийг ялгаж, салгаж ойлгож байгаа улстөрч тун цөөхөн. Ихэнх нь популизм хийж, эдийн засгийн хөгжилд ямар нэгэн байдлаар тээг болохуйц улстөржиж байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч бүлгүүд дээр саналаа нэгтгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулав. Ингээд ямар ч байсан энэ намрын чуулганаар урт нэртэй хуульд засвар хийж амжихгүй нь бололтой. Намрын чуулган энэ сарын 10-нд завсарлах ёстой. Гэвч, эдийн засагт хэрэгтэй олон чухал хууль парламентын ширээн дээр тоостойгоо хэвтэж байгаа. Эдгээр хуулийг энэхүү намрын чуулганаар амжиж хэлэлцэж чадахгүй бол хавар хүртэл эдийн засгийн хямралтай тэмцэх гол бодлогуудаа Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг юм.

Байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын бүлгийнхэн “Дээрх журмын хуульд өөрчлөлт оруулах хүрээнд 200 метр дотор гол, мөрөн, ойн эхийг хөндөх ёсгүй гэсэн заалт оруулах ёстой” хэмээн улстөржив. Энэ бол МАН-ынхны гэм биш зан.

Монгол Улс алдсан боломжоо эргүүлж авахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцлийг сэргээх талаар чармайж байгаа. Гэхдээ, тэднийг үргээсэн хууль эрх зүйн орчингоо өөрчлөхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж харагдахгүй байгаа юм. Хөрөнгө оруулагчдыг бүх мөнгөө хамж аваад зугатах болсон нэг шалтгаан нь урт нэртэй хууль. Тийм ч учраас энэ хуулийг өөрчилж, алдаатай бодлого засах болов уу гэсэн хүлээлттэйгээр багагүй хугацаа өнгөрлөө.

Урт нэртэй хууль анхнаасаа л популизм төдийгүй амьдрал дээр хэрэгжиж чадахгүй нь нэн ойлгомжтой байсан. Даанч манай хэдэн гишүүн үүнийг тоогоогүйгээр барахгүй өнөөдөр ч урт нэртээр улстөржиж байна. Эдийн засгийн үр дагавар, төсөвт учрах эрсдлийг нь ядаж тооцоод үзсэн бол урт нэртийг улстөржүүлэх шаардлагагүй юм.

Монголын төр дээрэмчин биш бол урт нэртэй хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлөө хураалгуулсан компаниудад амалсан нөхөн олговроо өгөх ёстой. Гэтэл улсын дансандаа сохор зоос ч үгүй болсон Засгийн газарт УИХ-ын баталсан хуулийн хүрээнд алтны компаниудад өгөх 7.1 их наяд төгрөг байгаа бил үү. Долоон их наяд бол манай улсын жилийн төсөв шүү дээ.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх зардал нь өнөөдөр 38 тэрбумаар хэмжигдэж байна. Дээр нь энэ хуулиас болж улсад орж ирэх татвар 20 хувиар буурсан байдаг. Мөн энэ хуулийг уршгаар Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ дөрвөн тонн болтлоо буурч байсныг тодотгоё.

Алт бол аль үед хөрвөх чадвартай метал. Долларын ханш 1953-т хүрч, төгрөг цаас болох нь холгүй байгаа энэ үед алтны олборлолтоо нэмэгдүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтворжуулах нэг арга байна.

Урт нэртэй хуулийн үйлчлэлд нийтдээ 130 гаруй компанийн 210 орчим лиценз багтаж байгаа юм. Хэрэв энэхүү хуульд өөрчлөлт оруулбал, 130 тонн алтны нөөц бүрдэх буюу Монгол Улсын эрдэнэсийн санд таван тэрбум доллар орж ирэх бололцоо бий болно. Даанч үүнийг олж харах эдийн засгийн ухаан манай популистуудад байхгүй. Урт нэртэй хуулийг бүхэлд нь өөрчлөх юм биш, хэрэв Засгийн газраас өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг тогтоод харчихсан бол энэхүү өөрчлөлтийг хийснээр Монголын төр хоёр туулай буудах боломжтойг олж харах байв.

Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар байгаль экологио ч, эдийн засгаа ч хамгаалж үлдэх бололцоо бүрдэнэ. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихсан энээ хуулийг өөрчлөхгүйгээр байгаль, экологио хамгаална гэдэг үлгэр. Үлгэрт зөвхөн хүүхдүүд л итгэдэг биш үү. Ингэж их улстөржиж байгаа манай УИХ-ынханд үнэндээ эдийн засгаа аврах хүсэл жинхэнээсээ байна уу?

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж