
-“Заамар-Загас” төслийг Монголд анх удаа хэрэгжүүлэх гэж байгаад баяр хүргэе. Энэ талаар дэлгэрэнгүй ярих уу?
-2013 онд 200 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 100 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийх зорилт тавин ажиллаж байна. Энэ 100 га дотроос 15,3 га газрыг хамарсан хоёр том нуур байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөх орос удирдлагуудын үед уул уурхайн ашиглалт явуулсны дараа үүссэн нуур юм. Энэ нуурыг бид загас үржүүлгийн зориулалтаар ашиглаж, дотор нь загас үржүүлэн эргэн тойрныг нь ногоон бүс болгон сэргээгээд, хамгаалан орон нутагт хүлээлгэн өгөх зорилт тавьж байна.
-Энэ төсөл ямар хугацаанд үргэлжлэх вэ. Орон нутагт хэзээ хүлээлгэн өгөх бодолтой байна?
-Ногоон бүс болгох гээд хийх ажил мундахгүй учир төсөл маань үндсэндээ 2016 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. Төслийн ажлын хүрээнд бид эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллагуудтай хамтарч ажилласан. Манай уснаас дээж авч шинжилгээ хийж үзээд энэ нууранд үржих боломжтой загасны төрөл зүйлүүдийг гаргахад дөрвөн төрлийн загас үржих боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Мөн усны дүгнэлт ч сайн гарсан. Одоогийн байдлаар “Жижиг горхи” Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, нуурын экосистемийн бүрдэл бүхий загас нутагшуулах зорилгоор ойр хавийн гол уснаас нийтдээ 400 гаруй загасыг нуурандаа нутагшуулаад эхэллээ. Тиймээс энэ ажил маань одоо ажил хэрэг болоод явж байна даа.
-“Заамар-Загас” төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд үзүүлэх үр шим нь юу вэ?
-Хамгийн чухал үр дүн бол энэ хоёр нууранд загас үржүүлснээрээ бид экологийн тэнцвэрт байдлыг хангах. Үүний зэрэгцээ нуурын орчин тойрныг ногоон бүс болгосноор хүүхэд залуучууд гэлтгүй нутгийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сайхан ногоон бүс болох ач холбогдолтой. Ийм л сайхан бүс болгохыг л зорьж байгаа.
-Хуучин орос эздийн үед нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн нилээд хэмжээний талбай байгаа гэж дуулсан. Нөхөн сэргээлт хийж дуусгахад хэдий хэрийн хугацаа орох вэ?
-Энд нэг зүйлийг ярилгүй өнгөрч болохгүй нь. “Алтан Дорнод Монгол” компанийг монгол хүмүүс удирдах болсноор байгаль орчиндоо хандах хандлага, эргээд нөхөн сэргээлт хийхэд чин сэтгэлээ зориулж, энэ ажилд ихээхэн хөрөнгө хөрөнгө зарцуулан ажиллаж байна. Тийм ч учраас манай компанийн ажилтан бүр яг л ийм сэтгэлээр ажилдаа ханддаг. Бид БОНХЯ, тухайн сумдуудын Засаг даргын тамгын газартай хамтран нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулсан. Энэ бүх эвдрэлд орсон газрыг эрүүл болгон нөхөн сэргээгээд буцаагаад хүлээлгэж өгөх ажлыг бид таван жилийн дотор хийж гүйцэтгэхээр том үүрэгтэй ажиллаж байгаа.
-Нөхөн сэргээлтээс гадна орон нутагт хандсан ямар ажлууд хэрэгжүүлж байна?
-Манай компанийн хамгийн гол баримталдаг зарчим бол орон нутгийн иргэдийг ажлын байртай болгох, айл бүрийг орлоготой болгох. Ийм ч учраас бид бүх худалдан авалтыг өөрөөр хэлбэл 700 гаруй ажилчдынхаа бүх хоол хүнс ахуй хэрэглээний зүйлийг орон нутгаас худалдан авдаг. Ингэснээрээ орон нутагт аль болохоор эдийн засгийн бэлэн мөнгөний эргэлт бий болгож байна. Бидний орон нутагтаа хийхээр төлөвлөсөн бас нэг ажил бол Заамар сумын төв дээр 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар цэцэрлэгийн барилгыг энэ зун наймдугаар сард ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх том ажил байна. Шинэ хичээлийн жилд Заамар сумын бяцхан иргэд маань тохитой цэцэрлэгт явах боломжтой юм.
Мөн тус компанийн хамт олон Үндэсний мод тарих өдрөөр нөхөн сэргээлт хийсэн талбайдаа 1000 гаруй чацарганы бут, 400 гаруй үхрийн нүдний бут суулгасан байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №015