
Тус сургалтыг олон улсын оюуны өмч тэр тундаа кино, дуу хөгжим, номын сан хийгээд дүрслэх урлагийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын Нью Йоркын Колумбын их сургуулийн хуулийн профессор Кенит Күрүс болон Монголын оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнүүд удирдан явуулсан юм. “Монголын бүтээлч салбар ба зохиогчийн эрх” оюуны өмчийн сургалт семинарын хүрээнд нийт дөрвөн салбар сургалт боллоо. “Зохиолч, хэвлэн нийтлэгч ба зохиогчийн эрх”, “Кино дэлгэцийн бүтээл ба зохиогчийн эрх”, “Хөгжмийн бүтээл ба зохиогчийн эрх” болон “Дүрслэх урлаг ба зохиогчийн эрх” сэдвээр сургалтаа төрөлжүүлэн явуулсан ч оролцогчдод өөрийн салбарт тулгамдаад байгаа асуудал санал солилцох боломжийг илүүтэй олгосон юм. Монголын Урлагийн зөвлөл нь салбар сургалтанд кино, хөгжим, дүрслэх урлаг болон номын сангийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчид болон өөрийн үйл ажиллагаанд эдгээр салбарын агуулгыг ашигладаг бизнес эрхлэгчид, хуульчид зэргийг урин оролцууллаа.
Салбар сургалтуудын дараа оролцогчид буюу монголын оюуны салбарын бүтээгчид оюуны өмчөө хамгаалан ажиллахад тэдэнд хамтын удирдлагын байгуулагын оролцоо нэн чухал байгааг дурьдаад цаашид хувь уран бүтээлч бүр бус нийтээрээ хамтран оюуны өмчийг үнэгүйдүүлж байгаагын эсрэг ажиллах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн тэд оюуны өмчийн асуудлаар өөр хоорондоо тохиролцоод өнгөрөхөөсөө илүүтэй аль ч тохиолдолд бүтээл, туурвил хийсэн л бол түүнийгээ баталгаажуулан хамтран ашиглах, нийтэд түгээх, өвлөх, өвлүүлэх, хэсэгчлэн эрх эзэмших асуудал дээр нарийн “гэрээ” байгуулан нухацтай хандах хэрэгтэй юм байна гэдэгт санал нэгдсэн юм. “Монголын бүтээлч салбар ба зохиогчийн эрх” оюуны өмчийн сургалт семинарыг санаачлагч Урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяатай ярилцлаа.
-Сургалт зохион байгуулах болсон гол зорилгосоо сонирхуулахгүй юу?
-Би өнгөрсөн долдугаар АНУ-ын Нью Йоркын Колумбын их сургуульд урлагийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалаад ирсэн. Тэгээд энэ магистрын сургалтын хөтөлбөр доторх олонхийг хуулийн хичээл эзэлж байсан. Учир нь урлагийн байгууллагын удирдах хүн хуулийн маш сайн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой бөгөөд оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлаар сайн мэдлэгтэй байх ёстой гэж шаарддаг. Энэ багшийн хичээлийн анх харахад л Олон улсын зохиогчийн эрх гэдэг нь миний сонирхлыг маш их татаж байсан. Би өмнө нь уран нугараач байсан бөгөөд 18 жил мэргэжлээрээ ажиллан гадагшаа хамтлаг, уран бүтээлчдийг авч явсан. Ажлынхаа туршлагаас харахад зохиогчийн эрхийн асуудал бол их хэцүү байсан. Энэ хуулийг л судалж мэдэхгүйгээр гадаадын аливаа нэг байгууллагатай гэрээ хийхэд хэцүү шүү дээ. Тийм учраас би энэ хүний хичээлийг зорин байж очиж судлан дөрвөн сарын хугацаанд зохиогчийн эрхийг маш өргөн хүрээнд Олон улсын бүх хуулийг судлаад ямар эрхтэй, ямар эрхийг хязгаарлаж байгааг олж мэдчихээд ер нь энэ хүнийг Монголд авчрах ёстой юм байна гэж бодсон. Би ажлынхаа шугамаар олон уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Зохиогчийн эрхийн тухай ойлголт тэдэнд маш бага байдаг. Тэд хийсэн гэрээнүүдээ үзүүлэхэд хамаг эрхээ шилжүүлчихсэн чухам юу болоод байгааг ч мэдэлгүй явж байгаа олон тохиолдол гарч байсан. Тийм болохоор багшийгаа уриад Монголын оюуны бүтээгчдэд мэдлэгт нь нэмэр болгоё гэж зорьсон.
-Яагаад заавал АНУ-ын Нью Йоркын Колумбын их сургуулийн хуулийн профессор Кенит Күрүсийг сонгох болсон бэ?
-Би түүнийг бусад багш нартайгаа харьцуулаад үзэхэд энэ хүн бол Олон улсад ажиллаад үзчихсэн нэн ялангуяа урлагийн салбарын олон улсын зохиогчийн эрхийн асуудал дээр олон жил дагнан ажилласан туршлагатай хүн байсан. Хуульч хүн хэдийгээр зохиогчийн эрхийн хуулийг мэдэж байгаа ч урлагийн байгууллагатай ажиллаад яг уран бүтээлчийг төлөөлөөд өмгөөлсөн туршлага нь их чухал гэж бодсон учраас багшийгаа сонгосон. Энэ хүний ажлын туршлагыг хараад үзэх юм бол Холливудын кино продакшнд найман жилийн турш өмгөөлөгч хийсэн байх жишээтэй. Тэрээр “Warner Bros” зэрэг томоохон кино продакшныг төлөөлж бүх гэрээ хэлэлцээрийг нь хийж тохирдог хүн байсан. Зөвхөн академик хичээл заадаг хүн биш мөн практик талийн туршлагатай хүн байсан учраас түүнийг урья гэж бодсон. Мөн тэрээр хөгжмийн салбарт нэлээд ажилласан бөгөөд алдарт “Beatles” хамтлагийн George Harrison-ыг хүртэл төлөөллөөд өмгөөллийг нь хийсэн. Ингээд харахаар түүнд урлагийн аль ч салбарт ажлын туршлага байсан.
-Ивээн тэтгэлгүйгээр энэ ажлыг амжуулахад амаргүй байсан болов уу?
-Тийм шүү. Би өнгөрсөн долдугаар сард сургуулиа төгсч ирээд аравдугаар сард Урлагийн зөвлөлийн ажилдаа орсон. Ирсэн даруйдаа би яг ийм сургалтыг хиймээр байна аа гээд Урлагийн зөвлөлийн Ариунаа захиралд танилцуулахад тэрээр дэмжсэн. Энэ сургалтыг аваад үзвэл бусад тоглолт, шоуг бодвол олон нийтэд хүрээд хүмүүс уриад байх тийм зүйлгүй учраас эхний хэдэн сар санхүүжилт олоход амаргүй байсан. Харин бид “Оюутолгой” Рио Тинто компанид санал тавин энэ сургалтаараа оюуны эдийн засаг гэдэг зүйлийг дэмжиж байгаа юм аа гэж хэлэхэд тэд биднийг дэмжсэн. Рио Тинтогийн бидэнд тавьсан шаардлага бол ядуурлыг бууруулах гэдэг зүйл байсан. Бидний явуулах сургалтаар дамжин хүн зохиогчийн эрхээ мэдээд түүгээрээ эдийн засгийн баталгаагаа бүрдүүлэх боломж нь байгаа гэдгийг ойлгуулж чадна гэдэг чинь тэр хүний цаашдын эдийн засгийн баталгааны хамгийн анхан шатны хэлбэр байсан учраас Рио Тинто биднийг дэмжин ажилласан.
-Сургалтын бүтцийн хувьд гадны хүний зөвлөгөө зөвлөмжөө өгч, тэнд оюуны өмчид хэрхэн ханддагыг тайлбарлахаас гадна монголд өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудтай харьцуулан ярьсан нь их таалагдсан. Магадгүй дараа дараагийн сургалтууд ийм жишгээр явагдвал хүмүүст илүү хүрэх юм болов уу?
-Тийм шүү. Бид сургалтын бүтцээ Олон улсын туршлагыг танилцуулаад араас нь монголынхоо нөхцөл байдлыг харилцан ярилцаж явуулсан. Зарим нэг сургалтуудыг харахад гаднаас нэг хүн ирээд тэндээ ямар байдгийг тайлбарлаад ярихаар тэр нь манайд агаарын мэт буучихдаг. Чухам тэр нь яаж монголд хэрэгжих ёстой гэдэг дээр холболт байдаггүй. Тийм зүйл гаргахгүй гэсэн үүднээсээ сургалтын бүтцээ боловсруулахдаа Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж эгчтэй уулзан сургалтынхаа талаар танилцуулан хамтран хийх санал тавихад уриалгахан хүлээн авсан. Мөн манай ССАЖЯ хамтран ажилласан.
-Сургалт өндөрлөлөө. Тэрээр цаашид Монголын уран бүтээлчид, танай байгуулагатай хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх үү?
-Хоёр хоног үргэлжилсэн сургалт өндөрлөсөн ч багш маань энэ сарын 25, 26-нд шинээр гарч байгаа хуулиуд буюу “номын сангийн хууль”, “киноны хууль”-ийг боловсруулж байгаа ажлын хэсэгтэй уулзаж, ажиллан яг зохиогчийн эрхийн талаасаа эдгээр хуулиудад юу багтаах ёстой вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгөх юм. Магадгүй манайд шинээр гарч байгаа эдгээр хуулиуд зохиогчийн эрхийн асуудлын талаар нэлээд гайгүй түвшинд гарах боломж нь нээгдэж байгаа гэж үзэж байгаа.
-“Монголын бүтээлч салбар ба зохиогчийн эрх” оюуны өмчийн сургалтын ач холбогдолыг нийтэд дүгнэвэл?
-Сургалтын ерөнхий том хүрээг нь хараад үзвэл уран бүтээлчид тэр бүтээлийг ашиглаж байгаа хүмүүст мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна тодорхой хэмжээний ажлууд дээр ажиллахыг зорьсон. Түүний нэг бол энэ хоёр хуулийг боловсруулж байгаа хүмүүст зөвлөгөө өгөх юм. Мөн энэ хоёр өдрийн сургалтыг дүрсжүүлсэн. Ингэснээр энэ сургалт илүү олон хүнд хүрч аливаа уран бүтээлч өөрийн зохиогчийн эрхийн тухай ойлгож гэрээ хийхдээ үндсэн эх сурвалж болгон ашиглаж байгаасай гэсэн үүднээс энэ сургалтаа дүрсжүүлэн авч үлдээд монголын урлагийн зөвлөлийн вэб сайт магадгүй youtube-ээр дамжуулаад хүргэнэ гэж ажилласан. Түүнчлэн, оюуны өмчийн газартай ажиллаж, аливаа уран бүтээлч гэрээ хийхдээ ямар зүйлийг заавал оруулж байх ёстой вэ гэдэг тэр жагсаалтыг гаргаж ирнэ. Олон улсын болон Монголын уран бүтээлчидтэй ажиллахад гэрээнд ямар нөхцөлүүдийг заавал оруулсан байх ёстой, дотоодод болон гадаадад гаргахад ямар эрх үүрэг хүлээдэг талаар гарын авлага гаргана. Үүнийг урлагийн зөвлөлийн манай цахим хуудаснаа байршуулах учраас хэн ч татаж аваад өөртөө ашиглах боломж нь бүрдэх юм.