Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Энэ өдөр

Мөн 1986 оны 1-р сарын 20-ны энэ өдөр  “Цахилгаан холбооны олон улсын конвенцийг соёрхон батлах тухай” БНМАУ-ын АИХТ-чдийн 9-р зарлиг гарч байжээ.  Энэ баримтад “Кени улсын Найроби хотод шинэчлэн байгуулж, 1982 оны 11-р сарын 6-нд гарын үсэг зурсан “Цахилгаан холбооны олон улсын конвенц батлах тухай” БНМАУ-ын АИХТ-чдийн 1977 оны 8-р сарын 1-ний өдрийн 153 дугаар зарлигийн 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна.    Олон улсын цахилгаан холбооны  байгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн байгууллага бөгөөд олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалтыг уялдуулах, мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулах, буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Тус байгууллага нь 1865 онд Олон Улсын Телеграфын Хороо нэртэй анх Парис хотноо байгуулагдаж байжээ. Энэ байгууллагын төв нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо, харин Ази, Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Бангкок хотноо байрладаг байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 192 орон гишүүнээр элсээд байгаа энэ байгууллагад манай улс 1964 онд албан ёсны гишүүн болжээ. Гишүүн болсноосоо хойш тус байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, хүний нөөцөө чадавхжуулах, бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага судлах, интернэт, хөдөөгийн холбоо, мэдээллийн төв байгуулах, алсын зайн сургалт, эмчилгээ, үнэ, харилцаа холбооны технологийн туршилтын төсөл хамтран хэрэгжүүлэх зэргээр өөрсдийн үйл ажилллагааг уялдуулан ажилласаар иржээ.

ОУЦХБ-ын эрх барих дээд багууллага Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал нь дөрвөн жилд нэг удаа хуралддаг бөгөөд анх 1994 онд тус байгууллагын Дүрэм, Конвенцийг УИХ-аар соёрхон батлуулснаас хойш 2003 онд уг баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль батлуулсан байна.

Харин тус байгууллагын 2010 оны их хурлаас 2011-2015 оны бодлогоо тодорхойлж, удирдлагын сонгууль явуулснаас гадна Үндсэн дүрэм, конвенцид орох нэмэлт, өөрчлөлтөнд Олон улсын гэрээний тухай хуулийн зохих заалтын дагуу нэгдэн орох тухай асуудлыг  өнөөдрийн өдрүүдэд  Монгол Улсын Их хурлаар соёрхон батлуулахаар Засгийн газар, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх гэж байна .

Үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газар 1992 оны 12-р сард Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын “Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус бага хурал”-аар шинэчлэгдэн боловсруулж баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенц”-ийг Монгол Улсын Их хуралд өргөн барьж, 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр соёрхон батлуулж байжээ.

Эх сурвалж: Ийгль ньюс телевиз
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж