
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн “Өргөө" зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан "Эскон" ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон байна гэж үзэв. Мөн Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нарыг эдгээр хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.
Харин Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны байгууллагаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.
Ийнхүү Дээд шүүхээс Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, биечлэн эдлэх ялыг Н.Энхбаярт 2.6 жил, Ж.Мягмаржаргалд нэг жил байхаар тогтоож, харин Д.Чулуунбаатарт оногдуулсан хоёр жил нэг сарын ял хорих болон Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг тус тус хэвээр үлдээсэн байна.
Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын "Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан ТВ-9 телевизийн хууль бусаар олсон 119.534.302 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай" гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хурал эхлэх үед Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл “Улсын дээд шүүхийн шүүгчид ашиг сонирхлын зөрчилтэй тул таван шүүгчийн дөрвөн шүүгчээс татгалзах, С.Нарангэрэл өмгөөлгч Япон улсыг зорьсон, улсын яллагч нарыг Нийслэлийн прокурорын газраас бус УЕПГ-аас томилох” хэмээн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй юм. Энэхүү шийдвэрийг өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөөгүй тул Н.Энбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг, бусад гурван шүүгдэгчдийн өмгөөлөгчид эсэргүүцэн хуралдааныг орхин гарсан.
Улсын дээд шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хурлуудад шүүгчид хуулийн заалтуудыг зөв хэрэглэсэн эсэхийг голчлон хянадаг. Өөрөөр хэлбэл, хуралдаанд өмгөөлөгчид мэтгэлцдэггүй тул хуралдаанд өмгөөлөгч заавал оролцохгүй байж болдог юм байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчидгүйгээр хурлыг үргэжлүүлсэн гэж хуулийнхан тайлбарлаж байна.
Өглөө хуралдаан эхлэх үед МАХН-ын 30 орчим гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна “Хуулиа дээдэл, Н.Энхбаяр бол ард түмний хүү” зэрэг лоозон барьж, цугласан байсан. Дэмжигч, гишүүдийг халуун цай, кофегоор дайлж байсан бөгөөд өмгөөлөгчид хурлыг орхин гарах үед дэмжигчид “Хурлын танхимд орно, хууль бусаар шүүх хурал болох гэж байна” гэж хамгаалалтад гарч байсан цагдаагийн байгууллагын ажилчдыг багагүй сандаргасан юм.