Д.Арвин АН-д элсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Д.Арвин АН-д элсч магадгүй

Өөрийгөө "Төрийн хүн" гэж дуудуулах дуртай экс гишүүн Д.Арвин саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нам нэгт Б.Батзоригтойгоо УИХ-ын гишүүний сэнтийд суух эрхийн төлөө өрсөлдөж, нэгийгээ үзэн нэхий дээлээ уралцсан билээ. Уг нь Д.Арвин авхай төрөлх Хэнтий нутагтаа нэр дэвших сонирхолтой байсан ч МАН-ын удирдлага түүнийг "Баянзүрхэд өрсөлдвөл өрсөлд" хэмээн ад үзсэн гэдэг. Үүний цаад учир тодорхой байсан юм. Намын удирдлага нь Д.Арвинг МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн хэмээн аль эртнээс л үздэг байсан нь нууц биш. Тиймээс түүнийг нийслэлд, тэр дундаа Баянзүрх дүүрэгт Засаг дарга Б.Батзоригтой тулалдуулах шийдвэр гаргасан аж. Үүнийг золигт гаргах гэсэн үйл ажиллагаа хэмээн олон нийт дүгнэж байлаа. Гэтэл Д.Арвин бүсгүй нэр хүнд нь айхтар унасан Засаг ноёныг саяны сонгуулиар далаар нь цэвэр тавьсныг бид мэднэ.

Тус сонгуулийн үеэр МАН-ын нэр дэвшигчдийн сурталчилгааны асуудлыг хариуцаж байсан… дугаар хэсгийн ахлагч Х-гээс тодруулахад, нэр дэвшигч Д.Арвин хэсгийн ахлагч нарт өвлийн дулаалгатай өргөө цагаан гэр сэмхэн бэлэглэжээ. Тухайн үед ажиллаж байсан нэгэн хэсгийн ахлагч руу нэр дэвшигч Д.Арвин холбогдож гэрээ авсан эсэхийг асуухад, нөгөө эмэгтэй хариуд нь хороон дарга юу ч хэлээгүй шүү дээ гэснээр бөөн хэл ам тэрүүхэндээ үүсчээ. Бэлгийн гэргүй хоцрох шахсан хэсгийн ахлагч эмэгтэйн гомдлыг барагдуулснаар уг хэрэг явдал тэгсхийгээд намжжээ. Д.Арвин тухайн үед хорооны хэсгийн ахлагч хүн тус бүрт сонгуульдаа сайн ажиллаж өгөхийг хүсч 200 мянган төгрөг өгчээ. Энэ нь экс Засаг ноён Б.Батзоригийн өгсөн 100 мянгын ханшийг даруй хоёр нугалсан нь түүний төлөө сонгогчид саналаа өгөхөд багагүй нөлөөлсөн бололтой.

Нөгөөтэйгүүр, намынх нь удирдлага хүртэл өөрийнх нь эсрэг байгаад гомдсон гишүүн Д.Арвин МАН дэндүү булингартсанд сэтгэл гонсойж, цаашид нам нь ирээдүйгүй болсныг ойлгоод маш нууц байдалд АН-ын зарим нэг лидерүүдтэй уулзаж, тус намд элсэх магадлалын талаар ярилцсан сурагтай. Тэрээр УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн С.Эрдэнэ нартай энэ талаар санал солилцсон байж магадгүйг учир мэдэх хүмүүс өгүүлэх болов. Тэгэхээр тун удахгүй УИХ-ын гишүүний тангаргаа өргөх Д.Арвин АН-д элсч магадгүй болжээ. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж