Монголын ДНБ 20 хувиар өсөх таамаг гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Монголын ДНБ 20 хувиар өсөх таамаг гарчээ

Монголын ДНБ энэ онд 20 хувиар өсч, богино хугацаанд эдийн засаг нь асар хурдтай өссөн улс болж, дэлхийн рекорд тогтооход ойрхон байна гэж “Silk Road Management” санхүүгийн институтийн шинжээч ярьжээ.

Оюутолгой шиг томоохон ордод гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж буй нь эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр болж байна.

Монголд төрийн өмчийн болон хувийн компани, үл хөдлөх хөрөнгийн салбарт 30 сая ам.долларын хөрөнгө оруулсан тус институтийн шинжээч Али Алишер “CNBC”-т өгсөн ярилцлагадаа “Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан ч Монголын эдийн засгийн өсөлт цаашид өснө” гэжээ.

Тэр бүү хэл Хятадын хөгжлийн сааралт ч Монголын эдийн засгийн гэнэтийн өсөлтөд нөлөөлж чадахгүй гэнэ. Учир нь түүхий эдээр цангамал Хятадтай зэрэгцэн оршдог нь Монгол улсын хамгийн том давуу тал аж.

Өнгөрсөн жилүүдэд 10 хувиар буураад байсан Монголын Хөрөнгийн биржийн арилжаа сэргэх замдаа орсон гэж шинжээчид бичиж байна. 2012 онд Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаа нь 30 хувиар нэмэгдсэн топ 20 индексийн тоонд коксжих нүүрсний хамгийн том олборлогч  “Монголын уул уурхайн корпораци” оржээ. 

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт цутгаж буй энэ үед эдийн засгийн хэт халалтаас сэргийлэх нь Монгол улсын хамгийн том сорилт болоод байна. Инфляци өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 11.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм.

Дэлхийн банкнаас явуулсан судалгаанаас харахад Монголын Засгийн газрын зардал 2011 онд 56 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ онд дахин 32 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж