Шинэ дүрэмд 700 Монгол үг багтсан

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Шинэ дүрэмд 700 Монгол үг багтсан

Боловсрол соёл шинжлэх ухааны сайд  Ё.Отгонбаяр аравдугаар сарын 5-нд кирилл бичлэгийн стандарт тогтоох тушаал гаргасан. Бичгийн хэлэнд өөр өөрөөр, зөрүүтэй бичигддэг үгийг нэг стандартад оруулж зөв бичих стандартыг тогтоосон байна. Гайхшрал гэдэг үгийг хоёр янзаар буюу гайхшрал, гайхширал гэж бичдэг байсан бол шинэ дүрмээр гайхширал гэж бичих аж. Шинэ дүрмийг мэргэжлийн комисс буюу Төрийн хэлний зөвлөл боловсруулан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр батлан, гарын үсэг зурсан байна. Шинэ дүрмийг баталсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх бөгөөд үүнд нь хяналт тавих, ажлын хэсэг ч гарсан байгаа юм байна. Төрийн хэлний зөвлөлийн боловсруулсан энэ стандартын талаар зарим зүйлийг Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржаваас тодрууллаа.
-Кирилл бичгийн дүрэм, үгсийн стандартыг хэзээнээс эхлэн хэрэгжүүлэх вэ. Дүрмийн талаар танилцуулбал?

-Кирилл бичгийн дүрэм  хүмүүсийн хэрэглэдэг үгнүүд өөр хоорондоо зөрүүтэйгээр бичигддэг байсан. Тиймээс үүнийг БСШУ-ны сайдын тушаалаар Төрийн хэлний зөвлөл боловсруулж үүнийг үндэслэн сайдын тушаал гарсан байгаа. Энэ нь аравдугаар сарын 5-нд баталсан учраас энэ өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх ёстой. Яагаад үүнийг зохиох болсон гэхээр үгийг яриа, бичлэгээс шалтгаалан өөр өөр бичигдэх тохиолдол гардаг. Зарим нь дуудлагаараа ч юм уу. Тиймээс эдгээрийг засах зорилгоор нэгдсэн нэг дүрэмтэй байх үүднээс энэ дүрмийг баталж нэгтгэж хэрэгжүүлээд байна. Тухайлбал аривлах гэдэг үгийг арвилах, аривлах гэх мэтээр өөр өөр бичдэг. Зөв хувилбар нь аривлах болгож нэг стандарт тогтоосон. Монгол 700, гадаад 200, орчуулгын 34 үгийг нэг стандартад оруулж, зөв орчуулагатай болгосон. Мөн зарим гадаад үгийг бичих стандартыг нь тогтоож дуудлагыг нь монголчилсон.

-Өмнө нь  ямар дүрмээр явж байсан юм бол?

-1941 онд Ц.Дамдинсүрэнгийн баталсан кирилл үсгийн дүрмээр явж байсан. Гэхдээ зарим хүмүүс дүрмээ мэдэхгүйгээс  зарим үг янз бүрээр бичигдэж ирсэн. 1946 онд дахин дүрэм тогтоосон. Үүний дараа 1951 онд Ц.Дамдинсүрэн Я.Цэвэл нарын боловсруулсан  дүрмийн стандарт тогтоосон байсан.  Хамгийн сүүлд 1983 онд Ц.Дамдинсүрэн гуайн хэвлэн гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь” хэмээх номоор стандарт тогтоон явж ирсэн. Хамгийн гол нь хүмүүс стандарт тогтоосон дүрмээ барихгүйгээр хэрэглээндээ өөр өөр бичээд байдаг. Стандарт норм нь байсаар байтал хүмүүс төөрөх, буруу хэрэглээд байдаг. Энэ удаагийн боловсруулсан дүрмийг заавал хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв өөр бичдэгийг хүүхдүүд өөрөөр нь сурчихвал дараа нь буруу стандартаар явна.

-Энэ дүрмийг хэрэгжүүлэхийн тулд иргэдэд хэрхэн хүртээл болгох гэж. Иргэд ийм дүрэм баталсан гэдгийг мэдэхгүй  байгаа?

-Хамгийн түрүүнд энэ үгсийг ном, товхимол болгон иргэдэд тараана. Тараахдаа бүх сургуулийн номын сан, албан байгууллага, аж ахуй нэгж, номын худалдаагаар хэвлэж тараана. Үүний дараа хүмүүст дүрмээ баримтлахад нь хяналт тавиад явах юм. Ингэж боловсролоо нь тарааж, нэг стандартад оруулснаар бүгд дүрмээ мэддэг болох юм.  Ялангуяа бага ангийн хүүхдүүдийг энэ шинэ стандартаар явуулах нь чухал юм. Хойшид бүх зүйл энэ шинэчлэгдсэн стандартаар явах учраас тэр.

-Үг бичих дүрмийг нь сайдын тушаалаар баталчихлаа. Тэгвэл амьдрал дээр тэр дүрмийг хэрхэн  хэрэгжүүлж байгаад хэн хяналт тавих  юм бэ?

-БСШУ-ын сайд дүрэм  батлахдаа хэн хэн яаж хяналт тавьж, хэрэгжүүлэхийг нь тогтоож өгсөн. Орчуулга, шинэ дүрмийн үгийг ном товхимол зохих ёсны үнэ тогтоон худалдан борлуулахыг  БСШУ-ны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга Б.Эрдэнэчимэгт хариуцуулсан. Бүх шатны сургуулийн сурах бичиг зохиоход БСШУ-ны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга Б.Эрдэнэчимэг болон Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасажав нарт, эрдэм шинжилгээний зохиол бүтээлийн бичлэгт ШУ-ны академийн захирал Б.Энхтүвшин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа, рекламны самбар, хаяг шошгонд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү нар хяналт тавина. Мөн уран сайхны бүтээлийн бичлэгт Соёл урлагийн хорооны Б.Лхагвасүрэн нар хяналт тавина. Хэрэгжүүлэхийг нь төрийн хэлний зөвлөл хариуцан иргэдэд мэдээлэл хүргэхээр ажиллана. Ерөнхийд нь манайх хариуцан БСШУЯ хяналт тавиад ажиллана. Иргэд ч гэсэн энэ дүрмийг үндэслэн зөв бичиж сурах хэрэгтэй. Тэгж байж бид ирээдүйд хүүхдүүд хойч үедээ зөв дүрэм үлдээнэ. Зөв бичдэг, зөв уншдаг болгоно шүү дээ.  Хүмүүс дүрмээ мэдэхгүйгээс хүүхдэд буруу үлгэр үзүүснээр алдаатай бичиж сургадаг.

-Радио гэдэг үгийг хүн бүр мэднэ. Гэтэл энэ үгийг араажав гэж дуудлагыг нь өөрчилсөн байна?

-Радио гэдэг үгийг бичихдээ радиогоор нь бичнэ. Харин уншихдаа араажав гэж дуудна. Ер нь бол дээр үеэс л араажав гэж хэлж ирсэн. Зарим үгийг орчуулгыг хүмүүсийн ярианы хэллэг, онцлогт нь тааруулан орчуулга хийсэн байгаа. Тухайлбал компани гэдэг үгийг дуудахдаа компаани гэж дууддаг. Тиймээс дуудлагыг нь стандарт тогтоосон байгаа. Камер гэдэг үгийг дуудахдаа каамер гэж дуудна. Энэ мэтчилэн дуудлагад нь засвар орсон үгнүүд байгаа. Зарим хүмүүс буруу ойлгосон байсан. Араажав гэдэг үгийг араажаваар нь  бичнэ гэж ойлгоод байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар монгол бичгийг төрийн албан бичигт ашиглаж, хэрэглэх зарлиг гарсан. Энэ ажил ямар явцтай байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн хэлний зөвлөл байгуулагдаж, төрийн хэлийг хэрэглэх, ашиглах талаар боловс­руулсан. Тухайлбал гадаад дотоод руу төрийн захи­дал, урилга явуулахдаа төрийн хэл буюу мон­­гол бичгийг хэрэглэх тухай байсан. Энэ одоо ч хэрэгжиж байгаа. Үүнд хяналт тавьдаг га­­­зар нь Хүмүүн бичиг сонины редакци хяналт тавьж байгаа.  Монгол бичгийн хөтөлбөр-II боловс­­­­руулагдсан байгаа. Энэ хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургууль болон бусад зүйлд хэрхэн ашиглах, цаашид яах талаар гарсан байгаа.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж