Бангкокийн онгоцны буудал усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Бангкокийн онгоцны буудал усанд автжээ

Тайландад болж байгаа үер Бангкок хотын нэгэн нисэх онгоцны буудлыг живүүлжээ.

Буудлыг тойруулан барьсан байсан далан сэтэрснээс болж ийм явдал болсон байна. Дон Мыанг хэмээх уг буудал нь дотоод нислэгийн хамгийн том буудлуудын нэг гэнэ.

Ус зорчигчдын танхимыг бүрэн живүүлсэн гэж буудлын дарга мэдэгдсэн байна. Гэхдээ нисэх зурвас усанд автаагүй байгаа гэнэ. Nok Air авиа компани ирэх сарын 1 хүртэл зарим нислэгээ зогсоох болсноо мэдэгдсэн байна. Үлдсэн нислэгүүд Бангкокийн Олон улсын нисэх буудал Суварнабхумигаас хөөрөх аж.

Ташрамд дурьдахад, Бангкокийн эрх баригчид Дусит муж дахь түүхэн дурсгалт ордныг үерийн аюулаас сэргийлжээ. Дусит мужийн Банг Кабы дүүрэгт цэргийн анги, Засгийн газрын ордон зэрэг Тайландын түүхэн газруудыг уснаас сэргийлэн, нутгийн иргэд, хүчнийхэн нь элс, чулуу зэргээр хамгаалалт хийсэн байна. Улмаар эхний ээлжинд улсынхаа чухал хэсгүүдийг гамшгаас хамгаалсан тухай мэдээлжээ.

Аврах ажиллагааныхан их хэмжээний усыг далай руу цутгах хоолойны тусламжтайгаар гамшгийн бүсээс гадагшлуулах бодлогыг баримтлан ажиллаж байна. Дурсгалт газрыг тойрсон хашааг үерийн ус нэвтлэн, гарснаар Бангкок хотод оржээ. Хотын ойролцоо урсдаг "Чао Прайя" голын төвшин сүүлийн хэдэн өдөр хоёр метрээр нэмэгдсэн юм.   

Албаныхны мэдээллээр Тайландын үертэй өдрүүд дор хаяж хоёр долоо хоног үргэлжилнэ гэдгийг хэлжээ. Учир нь үерийн усыг далай руу зайлуулахад дундчаар дөрвөөс зургаан долоон хоног шаардлагатай байгааг мэдэгдсэн юм.

Өдгөө Тайландын нийслэлийн зүүн хойд хэсэг аль хэдийнэ усанд автаад байгаа бөгөөд үүний улмаас шоронгийн 2000 хоригдлыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Тайландын улс төр, эдийн засгийн амин судас гэж хэлж болох Бангкокийн төв хэсэг одоохондоо усанд автчихаагүй байгаа юм байна. Өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн үерийн улмаас Тайландад 366 хүн амь насаа алдаж, хэдэн арван мянган хүн орон гэргүй болоод байгаа юм.

Б.Золзаяа

www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж