Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүсэлгүй гэв үү

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүсэлгүй гэв үү

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах гэж эрх баригч хоёр намын хооронд нэлээд ширүүн маргаан үүссэний  эцэст хоёр намын бүлгийн даргаар ахлуулсан зөвшилцөх ажлын хэсэг ажилласан. Гэсэн ч ажлын хэсгийнхнийг зөвшилцөлд хүрэхээс өмнө УИХ-ын хаврын чуулган завсарласан билээ.

Энэ хугацаанд зөвшилцөх ажлын хэсгийнхэн нэг ч удаа хуралдаагүй бөгөөд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах явц гацаанд орчихоод байгаа юм. Энэ  маягаар явбал Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар баталж амжихгүйд хүрч сонгуулийн хуучин  тогтолцоотойгоор УИХ-ын 2012 оны сонгуультай золгох хуулийн үндэслэл бийг УИХ-ын зарим гишүүн сануулсаар байна. Тиймээс энэ талаа ажлын хэсгийнхэн ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг  “Хоёр намын бүлгээс гарсан ажлын хэсгийнхэн зөвшилцөлд хүрэхээр ярилцаж байгаа. Гэхдээ одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. УИХ-ын намрын чуулган дөхүүлээд энэ талаар мэдээлэл өгөх боломжтой болно” гэсэн хариултыг өглөө. Харин УИХ дахь Ардын намын бүлгийн дэд дарга Су.Батболд “Зөвшилцөх ажлын хэсэг албан ёсоор хуралдаагүй учир шинэ мэдээлэл байхгүй” хэмээсэн юм.

Хамтарсан Засгийн газар Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэрээгээ гэнэт санасан мэт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд  барьж авч, баахан сенсаци дэгдээж байгаад ийнхүү таг чиг болчихсон нь хүн бүрт өөрийн эрхгүй хардлага төрүүлж эхлээд байгаа юм. Үүнээс болж “Улстөрчид Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар амжиж батлахгүйн тулд ямар нэгэн шалтаг гаргаж таарна. Энэ нь ирэх жилийн сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах гэсэн башир арга” гэсэн яриа газар аваад байгаа юм. Тэгвэл “Сонгуулийн хуучин тогтолцоо буюу одоо хүртэл солигдоогүй байгаа мажоритари тогтолцоогоор сонгууль явуулах нь хэнд ашигтай вэ” гэдэг асуулт гарч ирж таарна. Мэдээж энэ тогтолцоог хамгийн их таашааж байгаагаа илэрхийлж байгаа хүмүүс бол Ардын намынхан. Тиймээс ч тэд мажоритари тогтолцоог давуу хадгалж үлдэхийн тулд их ч хичээж байгаа. Үүний учрыг Ардчилсан намынхан “Ардын нам анх ярьсанаасаа буцсан. Хэрэв тэд нэрээ солиогүй байсан бол ингэхгүй л байсан юм. Ардын намынхны дотоод асуудал сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд огт хамаагүй” гэсэн товчхон тайлбарыг хийж байгаа. Бүр цаашлаад Ардын намынхны үйлдлийг ч анхнаасаа зохион байгуулчихсан байсан гэх хар дагаж эхэллээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадалгүй ирэх жилийн сонгуулийг мажоритари тогтолцоогоор явуулахаар болох үедээ хэлэх үгтэй байх гэж дэглэсэн жүжиг байх магадлалтай гэсэн яриа газар авчээ. Сонгуулийн үр дүнгээс болж “Долдугаар сарын 1”-ий хэрэг явдал дахин давтагдах эсэх нь тэдэнд огтхон ч сонин биш бололтой. Тэртэй тэргүй энэ бүхний буруу буух эзэн, буцах хаяггүй үлдэнэ шүү дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж