
УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгийн Ахмадын хороогоор зочилж, тэдний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтдээ 6350 ахмад амьдардагийн 5000 гаруй нь Дархан суманд аж төрдөг байна. Аймгийн ахмадын хороо одоогоос гурван жилийн өмнө өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Ахмадууд долоо хоногийн гурван гаригт нийтийн бүжигтэй байдаг бол тэгш тоотой гаригуудад аймгийн ахмадын хороон дээрээ сондгой тоотой өдрүүдэд сумын ахмадын хороон дээр хийн дасгалыг цуглан хийдэг гэнэ. Зав чөлөө гарвал эндээ ирж, шатар даам тоглохын зэрэгцээ ахмадын номын сангаар ч идэвхитэй үйлчлүүлдэг болсон. Гишүүнтэй уулзах үеэр ахмадын хорооны дарга Д.Энхтайван аймгийн ахмадад зориулсан нөхөн сэргээх сувилалтай болгох асуудлыг өөрийн бололцоогоороо шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьжээ. Мөн Зулзагын голд газар аван, өөрсдөө ногоо тариалж, арай хямд өртөгтэй хүнсний ногоог хэрэглэх бодолтой байгаа тухайгаа ч танилцуулсан юм.
М.Дэлгэржаргал