Монгол гэдэг айлын энэ хаврын эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Монгол гэдэг айлын энэ хаврын эдийн засаг

Хүн, малын зоо тэнийм урин цаг айсуй. Энэ хавар Монгол хэмээх их айлын идэж уух, өмсч зүүхээс өгсүүлээд мөнгө хөрөнгө  аль хэр байх талаар тоймлоё. Өвөл харьцангуй өнтэй байснаас ам тосддог таван хошуу мал онд тавтай оров. Ноднингийн өдийд 6-7 сая малаа зудад тавиад туучихсан байсан бол энэ жил хагас сая мал нүд аньсан мэдээтэй байна. Юутай ч мал  их өсөх нь. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаас үзвэл, таван төрөл дээрээ өсөх магадлалтай гэнэ.  Одоогоор 3-4 сая төл бойжиж буй гэсэн албан бус тоо байна. Наад зах нь 10 саяас доошгүй төл авах нь ээ. Харин саяхан Завхан, Булган, Архангай зэрэг аймагт их хэмжээний цас унаж, хаваржилтыг хүнд­рүүлжээ. Ерөнхийдөө 12 айм­гийн 40-өөд суманд цагийн байдал тийм ч сайнгүй байгаа гэж цаг уурынхан хэлж байна. Халуунд халж, хүйтэнд хөрч явдаг хэдэн малчдын маань магнай тэнийх цаг ойртсоор.  Тэд удахгүй ямаагаа самнаж эхэлнэ. Ноолуур гэдэг алт шиг түүхий эд  монгол ченж, хятад наймаачдын  хорхойг гозгонуулдаг элдэвтэй эд дээ. Өнгөрсөн жил кило нь 45 мянга орчим төгрөгт хүрч байсан бол өнөө хавар 55 мянгаас буухгүй байх гэж таамаглацгааж бай­на.  Гэхдээ ноднин 20 сая ямаа­тай байсан бол энэ хавар сайндаа л 13 мянган ямаатай гэж бодохоор самнаж авах ноо­луурын хэмжээ бараг хоёр дахин буурч болзошгүй нь. Тийм болохоор эрэлт ихээхэн нэмэгдэж, тэр хэрээр үнэ өсөх магадлалтай. Энэ нь хоёр талтай юм. Малчид арай  ахиу үнэ хэлсэнд нь л өгчихнө. Монгол нь байна  уу, хятад нь байна уу хамаа  байхгүй. Харин ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчид нэ­лээд сандарч байна. Арга ч үгүй биз. Учир гэвэл, тэд мөнгө муутай. Хятадууд түүнийг нь овжноор ашиглаад өнөө жаахан ноолуурыг нь хуу хамаад явчих гэж айлгаад л. 20 сая ямаатай байхдаа бэлтгэсэн долоон тонн ноолуурынх нь дийлэнхийг хужаа нар үнэ цохиод авчихсан. Өнөө жил сайндаа л дөрвөн тонныг бэлтгэнэ. Тэгэхээр түүнийгээ алдчихна гэж айлгүй яах вэ. Улаанбаатарт Хятадын хө­рөнгө оруулалттай ноо­луурын дөрвөн ч үйлдвэр бий.  Засгийн газар үн­­дэсний үйлд­вэрлэгчдээ дэм­жих зо­рил­гоор 100 тэрбум төгрөг олгохоор шийдсэн ч эдүгээ эх үүсвэрээ судалж буй сурагтай. Уг нь 100 тэрбум төгрөгтэй бол­чихвол жаахан ноолуураа өөрс­дөө худалдаад авчих бо­ломж бий гэх. Хаврын та­риа­лалт хаяанд ирлээ. “Атрын III аян”-ы үр дүнд өнгөрсөн онд гурил, төмснийхөө до­­тоо­дын хэрэгцээг хангаж чадсан билээ.

Энэ хавар 280 гаруй мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах аж. Тариалах үрийн нөөц хангалттай бий гэнэ. 46 мянга гаруй тонн үр нөөцөлсөн гэх мэдээ байна. Гэвч нөөцөлсөн үрийн бараг тал хувь нь стандартын шаардлага хангаагүй гэсэн  сэтгэл сэртхийлгэм мэдээ дуулдаж байгаа нь харамсалтай. Тэр ч байтугай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийнхан тариалах үрээ ч нөөцлөөгүй гэнэ.  Тариаланчид маань ирэх сарын  эхээр Дархан-Уул аймагт зөвлөлдөх юм билээ.

Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн нүүр царайг тодорхойлсон хэвээр байх нь. Оюутолгойд барьж буй баяжуулах үйлдвэрийн барилгыг  нэлээд дө­хүүлэх биз. Ирэх жилийн эцэс гэхэд бараг анхны бүтээгдэхүүнээ гаргана гэж тооцож буй учраас арга ч үгүй биз. Хэдэн тэрбум  тонны нөөцтэй Тавантолгойн ордыг эрчимтэй ашиглах, тэндээс  БНХАУ-д кокосжсон нүүрс экспортлох ажил эрч далайцтай өрнөнө. Ноднин 16 сая тонныг экспортолсон билээ. Эндээс монголчуудын  хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл бол хувьцаа юм. Засгийн газар  “Эрдэнэс Тавантолгой” компанийн  15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг иргэддээ үнэгүй олгох, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүддээ нэрлэсэн үнээр нь худалдахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг  монгол түмний аж амьдралыг орвонгоор нь эргүүлэх үйл явдал гэж хэлж байна. ТӨХ-ны дарга Д.Сугар “Иргэдэд хувьцаа олгох ажлыг эхний улиралд багтаан хэрэгжүүлнэ” гэж амлаж байсан боловч амжихгүй нь бололтой. Данс нээх, хувьцааны хуудсаа хэвлүүлэх энэ тэр гээд бичиг цаасны ажил чамгүй байгаа аж. Юутай ч 2.7 сая монгол хүн эх орны баялгаасаа хувь хүртэх нь л тодорхой болж байна. Монголын нүүрийг тахалдаг   алт, зэс, молибден, нүүрс мэтийн уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний  үнэ ханш дэлхийн зах зээл дээр ахисаар байгаа нь баярлууштай үзүүлэлт мөн. Өчигдрийн байдлаар нэг унци алт 1420, тонн зэс 9500 орчим, тонн “хар алт” 62-70  “ногоон” хүрч байна.  Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэснээр алт олборлолт ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Оны эхний гуравхан  сарын байдлаар гэхэд  270 кило алт олборлосон нь ноднингийнхоос 174 кг-аар илүү байна. Ялангуяа өнөөх муу хэлээд байдаг “Бороо гоулд” үүнд ихээхэн хувь нэмэр оруулжээ.  Ерөнхий сайд С.Батболд сая БНСУ-д айлчлах үедээ “Стратегийн орд газруудаа ашиглаж эхэлснээр Монгол улсын ДНБ ойрын 3-4 жилд дунджаар 15-аас доошгүй хувиар өснө” гэж мэдэгдэв. Монголын ганц “саалийн үнээ” “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар  одоогийнхоороо ажиллуулахад уг ордыг дахин 40 жил ашиглах боломжтой аж. Зэс, молибдений үнэ ихээхэн өсч буй энэ үед тэднийх улс орны эдийн засагт урьдын адил  онцгой хувь нэмэр оруулсаар байх нь.

Манай орны хувьд дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог нь ихээхэн давуу тал юм. Өмнөд хөрш маань өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөөр Японыг гүйцэж түрүүлээд дэлхийд аман хүзүүнд ороод ирлээ. Сүүлийн гурван жил ашигтай гарч байсан манай улсын гадаад худалдааны тэнцэл зуу хол давсан сая ам.долларын  алдагдалтай гарч эхэллээ. Үүнийг багасгах талаар анхаарахгүй байж боломгүй.         

Мөнгө, санхүүгийн хувьд тийм ч муугүй байхаар байх шиг. Гадаад валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Хэдэн жилийн өмнө гэхэд дилерийн наймаанд авдартаа байсан цөөхөн “ногоон”-оо алдчихаад хоосон хоцорч байсныг бодоход одоо баян болжээ. Гэвч Монголбанкныхан “Энэ бол эрсдэлээс хамгаалах найдвартай хэмжээ биш” гэж хэлж буй. Гэхдээ сэтгэл зовоосон зүйл цөөнгүй бий. Инфляци одоогоор 11 хувьтай байна. Дэлхийн банк, ОУВС-гийнхны төсөөлж буйгаар энэ үзүүлэлт улам өсч 20 хувьд хүрнэ гэх. Монголбанкны удирдлага ч үүнтэй санал нийлж байх шиг. Уг нь УИХ мөнгөний бодлого батлахдаа инфляцийг нэг оронтой тоонд барина хэмээсэн юм. Юутай ч энэ зорилт цаасан дээр хоцрох нь тодорхой боллоо. Монгол улс газрын тосоор баян гэлцдэг. Зарим судалгааны байгууллагын гаргасан тооцоогоор энэ үзүүлэлтээр дэлхийд эхний 40 оронд багтдаг гэх.Өнгөрсөн онд 150 сая ам.долларын түүхий нефть экспортолсон, энэ хавар үүний бараг гуравны нэгтэй тэнцэх хэмжээнийхийг олборлох юм байна.  Гэсэн атлаа өнөөх олборлосон газрын тосоо өөрсдөө боловсруулж чаддаггүй. Боловсруулах үйлдвэр ч байхгүй. Уг нь аль арван хэдэн жилийн өмнөөс л энэ талаар ярьцгаасан, өнөө болтол тэр яриа ажил хэрэг болсонгүй. Ингэснээр шатахууны хувьд бусдын хараат хэвээр. Бүр тодруулбал, ОХУ-ын “Роснефть” компани  манай улсын импортын 95 хувийг дангаар хангадаг юм. Эднийх ойрмогхон шатахууныхаа үнийг нэмчихэв.  Энэ нь манайд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Ялангуяа хаврын тариалалтын үеэр ийнхүү нэмдэг нь бараг л уламжлал болсон гэхэд хилсдэхгүй.

Дэд бүтэц ялангуяа төмөр зам, авто замын салбарт чамгүй өөрчлөлт гарах нь. ТӨХ-ноос концесс олгох шалгаруулалтыг саяхан зарлажээ. Үүгээр Тавантолгой-Ханбогд-Хя­та­­дын хил, Нарийнсухайт-Ши­вээхүрэн чиглэлийн авто зам, Улаанбаатарыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай холбох хурдны замыг БАШ /барих-ашиглах-шилжүүлэх/-ийн зарчмаар хэрэгжүүлэх аж. Тавантолгой-Цагаан суварга-Зүүн­баян-Сайн­шанд-Чой­бал­сан­гийн 1100 км  тө­мөр зам барих асар том бүтээн байгуулалт энэ хавар эхэлнэ. Х.Баттулга сайдын хэлснээр хоёр жилд барьж дуусгах ёстой энэ төмөр замын даланг ирэх дөрөвдүгээр сараас барьж эхлэх юм.

Энэ хавар нийслэлд өрнөх нэг том ажил   бол шинээр барих долдугаар хорооллын бүтээн байгуулалт. Уг хорооллыг барихын тулд Зуун айлаас 32-ын тойрог хүртэлх гэр хорооллын хоёр мянга гаруй айлын  газрыг юуны өмнө чөлөөлөх учиртай. Газар чөлөөлөх их ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Нийслэлийн удирдлагын тооцоолж буйгаар энэ ажилд 20 тэрбум төгрөг шаардлагатай аж.  

Хоол хүнс элбэг дэлбэг байна гэж хотын дарга хэлэв. Монгол хүний гол хэрэглээ-махны үнэ харьцангуй буурч, харин гурилынх ялимгүй өсөх хандлагатай байна. Төмс,хүнсний ногоо, талх зэрэг хүнсний голлох нэрийн барааны үнэ тогтвортой байх төлөвтэй.

Нэртэй эдийн засагчид “дэлхийн эдийн засаг одоо хоёрхон орноос хамаарч байна” гэж дүгнэж байгаа юм. Нэг нь газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн, дэлхийд эдийн засгийн чадавхиараа гуравдугаарт жагсдаг Япон, нөгөө нь эх адаггүй дайнд улайрсан, нефтийн арвин нөөцтэй Ливи. Үүнээс улбаалаад бага зэрэг  зөөлөрч байсан эдийн засаг, санхүүгийн хямрал сэдрэхэд ойрхон байгаа аж. Хэрвээ тэгвэл тэр хямралын сүүдэр Монгол орныг тойрохгүй нь лавтай. Улаанбаатар хотноо саяхан болсон    Эдийн  засгийн форумын үеэр “Монгол-бизнес эрхлэхэд хам­гийн таагүй орчинтой орон” гэж дүгнэсэн нь бас нэгийг хэлээд байна биш үү. Ийм үед эдийн засгийн өсөлтөө бууруу­лахгүйгээр инфляциа хазаарлаж чадсан өмнөд хөршийн туршлага хэрэг болж ч мэдэх  юм.

Б.БАТБИЛИГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж