АН-ын сорил буюу албан тушаалын ”хаялга”

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

АН-ын сорил буюу албан тушаалын ”хаялга”

Монголын улс төрийн хоёр дахь том нам болох Ардчилсан нам /өвгөжөөр МАХН өнгөрсөн намар нэрээ сольж, МАН болон шинэчлэгдсэнийг тооцвол Ард­чилсан намыг бараг анх­­­дагч ч гэж хэлж боло­­­хоор болсон/ ээлжит тур­шил­таа эхлүүллээ. Тус на­мын дүр­­­мийг цоо шинээр да­хин батлах тухай яригдаж, шинэ дүрмийн төслийг гишүү­дээ­рээ хэлэлцүүлж эхлээд бай­гаа гэнэ. Үүний улмаас жил бүрийн өдийд болдог ҮЗХ-ны ротацийг хүртэл цуцалсан билээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дү­рэм ёсоор бол энэ удаад ҮЗХ-ны 228 гишүүний 1/3-ийг  нь ротацид оруулж, орон дээр нь шинээр гишүүдийг сонгох ёстой байв. Гэвч энэ сарын эхээр Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн талаас илүү хувь нь гарын үсэг цуглуулан ээлжит бус хуралдаан зарлаж, энэ удаагийн ҮЗХ-ны ротацийн сонгуулийг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Ротацийг явуулахгүй гэ­дэг шийдвэрт хуралдаанд оролц­сон гишүүдийн 90 га­руй хувийн саналаар хүр­­­сэн нөхдүүд орой нь “Мөн­хийн ҮЗХ болсонд баяр хүр­гэе” хэмээн бие биеэ ёж­лоод өнгөрсөн. Уг нь үнэ­ний ортой л үг. Харин энэ хоо­ронд намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан аж­лын хэсгийнхэн дүр­мийн өөрчлөлтийг бэлт­­­гэж, өнгөрсөн долоо хо­­ногт намын Гүйцэтгэх зөв­­­лө­­­­­­лөөр хэлэлцүүлжээ. Цааш­­лаад ҮЗХ-нд танил­­­цуулж, намын нийт гишүү­­­дээр хэлэлцүүлэх юм гэ­сэн. Тэгэхээр ҮЗХ-ны ги­­­шүү­­­­­­дийн яаравчлан хий­­­сэн энэ хэлцэл дүрмийн өөрч­­лөлттэй шууд хамааралгүй болж байгаа юм. Харин өөрс­дийгөө ядаж ирэх сон­гууль хүртэл ҮЗХ-нд мөнхөлж чадсан гэдэг нь бол гарцаагүй. Одоо үйл­чилж буй дүрмээр УИХ-д нэр дэвшихийн тулд наад зах нь ҮЗХ-нд сонгогдсон байх шалгуурыг тавьдаг. Тэгэхээр нялуунгүй шу­­­луух­­­­наар хэлэхэд энэ удаа­­­гийн ҮЗХ-ны шийдвэр на­мын эрх ашиг, эв нэгдэлд хэрэг­­тэй гэхээсээ илүү одоо эрх мэдэлтэй байгаа нөхдөд л ач тусаа өгсөн зүйл болсон нь маргаангүй үнэн.

Намын удирдлагуудын зү­гээс үүнийг “Нэгэнт на­мын дүрэмд өөрчлөлт оруу­­лах гэж буй үед ротацийн сон­гуулийг явуулах нь хоо­рон­доо хагаралдахаас өөр ашиг­гүй. Шинэ дүрмээр тэр­тэй тэргүй ротацийг үгүй болгож байгаа” хэ­мээн мэдэгдсэн. Дүрэм нь батлагдаагүй байхад ро­та­­­цийг цуцална гэдэг нь угаасаа дүрмийн бус үйл­­­­­­­­­­­дэл болж харагдаж байгаа биз дээ. Гэвч энэ бол өнгөрсөн явдал. Одоо харин Ард­­­чилсан намд шинээр нэвт­­рүүлэх гэж буй намын дүр­мийн өөрчлөлтөд анхаарал хан­дуулья.

Ротацийн сонгууль дотоод ардчиллын хэмжүүр үү?

2000 оны УИХ-ын сонгуу­лиар ардчилсан хүчний на­мууд парламентаас “үсгүй” хусаг­даж, МАХН дангаар 72 суудал авсны дараа таван нам нэгдэж Ардчилсан намыг бай­гуул­сан. МоАН, МҮАН, МСДН, СМН, МШАН зэрэг на­мууд нэгдэж, намын даргаар Д.Дорлигжавыг сонгон З.Энх­болдыг генсекээр тавьж байв. Нам хоёр дэд даргатай, нэг нь тухайн үед МҮАН-ын УИХ дахь цорын ганц суудлыг ав­­сан Ж.Наранцацралт агсан, нөгөө нь бие даан нэр дэвшиж УИХ-д орж ирснийхээ дараа МҮАН-д элссэн Л.Гүндалай нар. Генсекээр ажиллаж бай­­­сан З.Энхболд 2001 он гаргаад АНУ руу сурахаар явсан тул одоо БОАЖ-ын сайдыг ал­­быг хашиж байгаа Л.Гансүх түү­­ний халааг авсан билээ.

Намын дэд дарга нарын хувьд нэг нь МҮАН-ыг пар­ламентад суудалтай авч үлд­­­сэн тул, нөгөө нь улс тө­рийн энэ хүнд нөхцөл бай­­далд энэ намыг сонгож, УИХ дахь суудлыг нэгээр нэмс­­­нийх төлөө намын олон ний­­­тээс өгсөн талархал, шан ха­рамж байлаа. Харин намын шинэч­­лэлийн асуудал бол үндсэндээ намын дарга, генсек хоёрын нуруун дээр үлдсэн юм. Өмнөх дөрвөн жилд эрх барихдаа дотоодынхоо хагарлаас болж тухайн үеийн сөрөг хүчин буюу МАХН-тай үгсэн гурван ч Засгийн газраа огцруулаад байсан МҮАН, МСДН-ын зөрчил /уг нь энэ хоёр нам 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвслийг байгуулан ялалтад хүрсэн юм/, гомдлыг илааршуулах, мөн шинээр нэгдсэн намуудын амбицийг нь бас тэнцэржүүлэх үүднээс тухайн үед нам дотроо хамгийн “нетральный хүн” гэж үзэгдэж байсан Д.Дорлигжавыг на­мын даргаар тавьсан юм. Түү­нээс биш тэр үед мань хүн Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гон­чигдорж нарын дараа орох хоёрдугаар эгнээний хүн байв. З.Энхболд ч мөн адил. Эвсэл эрх барьсан дөрвөн жилд ТӨХ-ны дарга байсан, хэлтэй амтай ч өмч хувьчлалын аж­лын ард нь гарсан хүн гэдгээс өөрөөр бол нийгэмд төдийлөн танигдаагүй, мөн л хоёрдугаар эгнээний лидерт тоологдож байв.

Гэвч энэ хоёр хүний өн­гөн дээр Ардчилсан нам ши­­нэ зохион байгуулалтад орж, намын дүрмийн цоо ши­­­­нэ өөрчлөлтийг хийсэн юм. Үүний нэг нь намын эрх барих дээд байгууллага буюу ҮЗХ-ны сонгууль. Нам на­маас нийлсэн нөхдүүдийн эрх ашгийг тэнцвэртэй байл­­­гах, карьер хийх тэгш болом­­­жийг хангах үүднээс ҮЗХ-ны сонгуу­­лийг жил бүр явуулж, нийт гишүүдийн 1/3-ийг рота­­цид оруулан шинээр сон­го­­дог болов. ҮЗХ-ны чөлөөт болон чөлөөт бус сууд­лыг тусгаарлаж, чөлөөт бус суудалд УИХ, Засгийн газ­рын гишүүд болон намын удирд­лага, эмэгтэйчүүдийн байгуул­лагын удирдлагыг оруул­­­сан билээ. Харин чөлөөт сууд­­­луу­дыг жил бүр ротацид оруу­лан сэлгэдэг.

Мөн түүнчлэн төрийн эрх мэдлийн гадна үлдэж, 15000 гаруй гишүүнээ намын харьяаллаар алагчлуулан ажил­­гүй үлдээсэн  Ардчилсан нам гишүүдийнхээ хариуц­­лаг­­ыг дээшлүүлэх, нөгөө та­лаас намаа санхүүгийн хувьд дэм­жихийн тулд намын бүх гишүүд татвар төлдөг, ай­маг, сумын намын хорооны гишүү­дээс эхлээд ҮЗХ-ны гишүүд зэрэг сонгуульт бүх албан ту­шаалт­­нууд жилд сая хүртэл төгрө­­гийн татвартай болгосон. “Хэрвээ та энэ намаар дөрөөлж карьер хийх, ажил албан ту­шаалд очихыг хүсч байгаа бол эхлээд хариуцлагаа хүлээ, татва­­раа төл” гэдэг зарчим. УИХ-д хоёрхон суудалтай, орон нутагт бол ямар ч эрх мэдэл­­гүй үлдсэн нам гэхэд хэтэр­хий өндөр, бараг л “биеэ хэт үнэлсэн” гэхээр шал­гуур тавьж байсан хэрэг. Гэвч тэр нь энэ намыг тухайн үедээ манайд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн бусад намуудаас хамгийн ардчилсан, хариуцлагатай, мөн зайлшгүй үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гэдэг үнэлэмжийг нийгэмд бий болгож байв. Тэр үед Ардчилсан нам хамгийн идэвхитэй, хүчтэй сөрөг хүчин байж, рейтинг нь эрх баригч намаас ямагт давж байв.

Ардчилсан нам ийм дүрмээр арван жил явсан. Харин одоо хийгдэж буй дүрмийн өөрчлөлтөөр ротацийн сонгуулийг болиулж, ҮЗХ болон шат шатны намын удирдах байгууллагыг сонгох шалгуурыг ч бас өөрчлөх гэнэ. Товчхондоо үүнийгээ “шийдвэр гаргах түвшинд жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, эрх мэдлийг нь олгох явдал” хэмээн томьёолж байна.

Ардчилсан намын ээлжит сорил буюу албан тушаалын “хаялга”

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа аймаг дүүргийн намууд нь хоёр хэсэг хуралдаж, хоёр дарга, хоёр тамгатай болоод амжсаныг уншигчид санаж буй байх. Бүр тэрний, энэний нам гэдэг эзэнтэй, нэртэй. Дунд шатны намуудад эрх мэдлийг мөнгөөр худалдаж авах, танил тал, ах дүүгээрээ намыг өмчлөөд авчихсан, нийт гишүүдийн өмнөөс нэг хэсэг хүмүүс шийдвэр гаргах, түүнийгээ намын шийдвэр болгож зарлах мэт нь гэм биш, заншил болчихсон, түүнийх нь нэг илрэл энэ байв. Ардчилсан намын хувьд ямар ч ач холбогдолгүй, сонгуульд өрсөлдөөд ч үр дүн гардаггүй хэрнээ хувьдаа намтай хүмүүс олон болж ирэв дээ. Жилийн жилд явуулдаг ҮЗХ-ны ротацид орлоо ч өөрсдийн хүмүүсээр дэмжүүлэн, эсвэл санал худалдаж авах замаар эргээд гараад ирдэг, тэгсэн хэрнээ нэг ч шатны сонгуульд ялалт байгуулж үзээгүй ҮЗХ-ны гишүүд ч олон байдаг гэнэ. Эсрэгээрээ, УИХ-д ялаад гараад ирсэн УИХ-ын зарим гишүүд ч дээрх нөхцөл байдлаас үүдэн намын эрх барих байгууллагаасаа шахагдсан нь цөөнгүй. Тиймээс ҮЗХ-ны гишүүдийг сонгох шалгуурыг өөрчлөх цаг болсон гэнэ. Энэ бол дүрмийн шинэчлэл дээр ажилласан нөхдүүдийн байр суурь.

Хамгийн эхний шаардлага нь УИХ, орон нутгийн сонгуульд намаа төлөөлөн оролцож ялалт байгуулсан байх явдал. Тэртэй тэргүй ард түмнээс мандатаа аваад гараад ирсэн нөхдүүд намын шат шатны удирдах байгууллагыг төлөөлж, намын бодлого хэрэгжүүлэхэд оролцох ёстой гэнэ. УИХ-ын сонгуульд ялсан бол ҮЗХ-ны гишүүн, аймгийн ИТХ-д суудал авч чадсан нь аймгийн намын хорооны гишүүн болох юмуу даа, хар ухаанаар бодоход. Харин сонгуульд нэр дэвшигчдийг тухайн шатны намын хороо биш, нийт гишүүдийн саналаар гаргаж ирэх ёстой. Ард түмнээс мандат авсан эдгээр хүмүүс намын удирдах байгууллага буюу ҮЗХ-нд шууд сонгогдож, нийт суудлын 70 орчим хувийг бүрдүүлэх гэнэ. Сонгуулийн дөрвөн жилд тэднийг хөдөлгөхгүй. Харин үлдсэн 30 хувь нь бидний ойлгодгоор чөлөөт суудал буюу ротацитай суудалд залрах аж. Гэхдээ бас л намыг санхүүгийн хувьд дэмждэг байх энэ тэр гэсэн шалгууртай.

Гэвч нөгөө талаар намын дүрмийн энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам шат шатны сонгуульд ядаж 50 хувийн амжилт үзүүлсэн байх ёстой болж байна. Тэгж байж намын удирдах байгууллагууд, ҮЗХ-ны орон тоо гүйцнэ гэсэн үг. Хэрэв сонгуульд амжилтгүй оролцвол Ардчилсан нам орон нутаг, УИХ-д төлөөлөлгүй болоод зогсохгүй, намын удирдах байгууллагууд нь шат шатандаа эзгүйрээд явчихна. Нэг ёсондоо үхэл, сэхлийн дэнс шиг сонсогдож байна. Нөгөө талаар энэ дүрмийн өөрчлөлтийг батлахын тулд эхлээд сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулж, системээ шинэчлэх ёстой. Наад зах нь холимог систем руу явах ёстой гэсэн үг.  Түүнгүйгээр Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг ярих нь утгагүй.

Тэгэхээр хоёр л асуулт үлдэж байна. Нэгд, УИХ энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийж, системээ шинэчилж чадах уу? Түүнд нь Ардчилсан намын нөхдүүд ямархуу оролцоотой байх вэ? Хоёрдугаарт, Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг хийхийн төлөө хийж байна уу, хэлбэрийн төдий ажил уу? Хамгийн гол нь үүний ард нийт гишүүдийн эрх ашиг байна уу, эрх мэдэлтэй хэсгийг л энэ суудал дээр мөнхлөх асуудал яваад байна уу гэдэг асуулт. Яагаад гэвэл бодит байдал дээр хувь хүний чадавхи болоод хүчин зүйл нь тавьж байгаа зорилтоосоо алд дэлмээр хоцрох тохиолдол амьдралд олонтаа гардаг. Ямар ч сайн хуулийг яаж ч хортойгоор ашиглаж болдог гэдэг шиг.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж