Ц.Баярсайхан: Би өөрийгөө геологийн салбарт тушаасан хүн дээ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ц.Баярсайхан: Би өөрийгөө геологийн салбарт тушаасан хүн дээ

 “Монгол газар” компанийн ерөнхий геологич,
Геологи хайгуул эрхэлсэн захирал Ц.Баярсайхантай ярилцлаа.
“Монгол газар”
компанийн ерөнхий геологич, Геологи хайгуул эрхэлсэн захирал
Ц.Баярсайхантай ярилцлаа.


-Ярилцлагаа таны ажлын гараанаас эхлэе. Оюутны ширээнээс
энэ саларт хөл тавихад тийм ч амар байгаагүй байх?

-Би геологич больё гэж бодоогүй явсан л даа. Аравдугаар
ангиа төгсөөд инженер юм уу, эдийн засгийн мэргэжил сонгоё гэж бодож
байсан юм. Өндөр оноотой байсан болохоор Политехникийн дээд сургуулийн
/одоогийн ШУТИС/ аль ч ангид орох эрхтэй гүйж явлаа. Гэтэл аав маань
шууд намайг геологич бол гээд оруулчихсан. Ямар ч төсөөлөлгүй, өөрөө
сонирхоогүй байсан мэргэжлийнхээ ангид орчихоод хичээлээ таслалгүй яваад
л байлаа. Онц сурч гийгүүлэхгүй ч муу авч хоцрохгүй л явсан. Миний багш
Ш.Батжаргал, Д.Чулуун гэж сайхан буурлууд байдаг. Энэ хүмүүс л миний
толгойд  геологи гэж юу болох, ямар сайхан мэргэжил болохыг ойлгуулж
өгсөн юм. Тэгээд л гэнэт өөрөө их сонирхоод, энэ юу юм бол гээд
хичээгээд ирэхээр аяндаа л онц сурлагатан болдог юм билээ. Геологи гэдэг
бол дэлхийг судалдаг шинжлэх ухаан юм шүү дээ. Ингээд би  III 
дамжаанаасаа эхлээд хичээлээ уйгагүй хийж эхэлсэн. Үнэхээр сайхан
мэргэжил гэдгийг нь тэр үеэс л ойлгосон юм. Анхны ажлын гараагаа Хангайн
тавдугаар ангиас  эхлээд ажлаа сайн хийсэн болохоор 24 настайдаа ахлах
геологич болж байлаа. Түүнээс хойш энэ салбарт олон жил ажиллаж, “Бороо
гоулд”-ын ордыг нээхэд гар бие оролцон, Өмнөговь аймгийн “Олон овоот”-ын
уурхайг олж тогтоон, 2003 оноос “Монгол газар” компанидаа ажиллаж
байна.

-Та хайгуул судалгааны
ажил хийдэг болохоор байнга хөдөө явдаг байх.  Алт болон нүүрсний орд
олж, илрүүлэх ажил ямар хугацаанд үргэлжилдэг юм бэ?

-Геологийн мэргэжлийн тухай мэдлэг дутмаг хүмүүс  биднийг
алх бариад хайгуул хийж олоод шууд ашгаа аваад явдаг гэж ойлгодог.
Геологичид хайгуулын ажлаар яваад геологийн ордоо олно. Тухайн олсон орд
ямар баяжмалтай байгааг тогтоон, инженерийн орд болгон ашиглахын тулд
нарийн шинжилгээ хийдэг. Шинжилгээний дүнгээс хамаарч эдийн засгийн ямар
ашигтай болох, дэлхийн зах зээлд энэ баялаг  ямар үнэтэй байгааг судалж
байж дараа нь ямар ажил хийх вэ гэдгээ шийддэг. Олсон орд бүхэн шууд
ашгаа өгдөггүй юм. Байгаль дэлхийд байгаа биет учраас хортой, хоргүйг нь
ялгана гээд ажиллагаа ихтэй. Эрэл хайгуулын ажил өртөг өндөртэй байдаг.
Манай улсад нарийн шинжилгээний багаж, техник дутмаг байдаг учраас олон
улсын лабортарид явуулж шинэжлүүлэх гээд маш их хугацаа ордог .

-Манай улсад уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй
хөгжиж байна. Гэхдээ дэлхийн хөгжилтэй оронтой харьцуулахад манай 
геологийн салбарын хөгжил сайнгүй л байгаа байх?

-Тэр үнэн. Уул уурхай, геологийн салбар өндөр хөгжсөн
орнуудтай манайхыг жиших юм биш. Яг өнөөгийн үйл ажиллагааг харьцуулахад
манайх АНУ-ын 1800-гаад оны үеийнхтэй адил байгаа гэж үзэж болно.
Яахав, цаг үеэ дагаад техник тоног төхөөрөмж нь сайжирч, дэлхийд
хэрэглэж байгаа өндөр хүчин чадалтай машин байгаа ч бусад асуудал нь
ямар ч хөгжилгүй, хөгжих боломжгүй байна.

 

-Яагаад хөгжих боломжгүй
байна гэж. Харин ч ашигт малтмал хайгуулын ажлын үр шим улс орны эдийн
засгийн хөгжилд хувь нэмрээ өгөөд эхэлсэнчихсэн байгаа биз дээ. Тэгээд  ч
манай улс харьцангуй ашигт малтмал ихтэй газар?

 

-Манай улс байгалийн асар их баялаг ихтэй гэдэгтэй маргах
хүн байхгүй нь үнэн. Гэхдээ энэ их баялгийг яаж ашиглаж, дотоодын
компаниудаа ямар хамгаалалтад байлгах  вэ гэдэг зүйл огт яригдахгүй
байна. Шинэ орд олж тогтоох  судалгаа, хайгуул хийхэд 3-10 жил
шаардлагатай байдаг. Тэгээд  ч эрсдэл ихтэй. Олон сая ам.доллароор
эрлийн ажил хийгээд ашигггүй байхыг алийг тэр гэх вэ. Манай хөрөнгийн
бирж дээр тухайн уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн
хувьцааг эргэлтэд оруулж эрсдлээс хамгаалж байх ёстой юм. Манай компани л
гэхэд нэг жилдээ хамгийн багаар бодоход хоёр сая ам.доллароор 
хайгуулын ажил хийж байна. Энэ нь гаргаж байгаа зардлаа нөхөх үү, үгүй
юу гэдэг нь эргэлзээтэй. Манайд эрсдлээс хамгаалах ямар ч эдийн засгийн
зохицуулалт алга. Хөрөнгийн бирж нь маш сайн зохион байгуулалттай,
үүнийг нь санхүүгийн зохицуулах хороо нь сайн удирдаад явбал энэ
чиглэлээр ажиллаж байгаа компаниудад хэрэгтэй байгаа нь өдрөөс өдөрт
мэдрэгдсээр байна. Зүй нь хөрөнгийн зах зээлд хувьцааг нь худалдаад,
ямар нэгэн эрсдлээс айх зүйлгүй ажлаа хийж байх ёстой. Түүнээс гадна
манай иргэд хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа авах, яаж арилжаа наймаа
хийх тухай мэдээлэл муугаас гадна эдийн засгийн чадамж нь бас нөлөөлөх
юм. Хувьцаа гэдгийг манайхан 1990 оноос эхэлж авсан ч ямар ч хэрэгцээгүй
гээд ойлгочихсон. Тухайн үед иргэдэд жинхэнэ талх хэрэгтэй байснаас
цаасан талх хэрэггүй байсан болохоор иргэд тэр үнэт цаасаа талхаар л
сольчихсон.  

-Уул уурхайн
салбар хөгжихийн хэрээр сөрөг үр дагавар их гарч ирсэн. Одоо цагт та
нарыг хөдөөгийн нэг суманд ажлаар очиход таатай угтах хүн бараг байхгүй
байгаа биз дээ?

-Тэр үнэн.
Өмнө нь аймаг, сумдад очиход иргэд нь хүлээн авч уулзаад юу хийх гэж
байна, бид яаж туслах вэ гээд л найрсаг угтаж авдаг байлаа. Харин одоо
малчид их дургүй байдаг. Энэ нь тэр хүмүүсийн ч буруу биш юм. Хуулийн
дагуу эрхээ авсан, ажиллах зөвшөөрөлтэй ч зарим хүмүүс нөхөн сэргээлт
огт хийхгүй, ухаад орхидог нь геологич нарын нэр хүндийг унагасаар
байна.

-Та олон газраар явдаг
хүн. Ийм эсэргүүцэлтэй тулж байна уу?

-Тулалгүй яахав. Хуулийн дагуу явж байгаагаа хэлээд ямар
ажил хийх, тухайн орон нутагт ямар ашиг тустай гээд л өөрийн ажлаа
танилцуулж нутгийн иргэдтэй уулзаж ярилцдаг. Хийнэ гэснээ хийгээд
амласан зүйлээ гүйцээчихсэн байхад малчид маань ч тийм юм ойлгодоггүй
хүмүүс биш шүү. Тухайлбал, манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа
Өмнөговь аймгийн “Олон овоот”-ын алтны уурхай гэхэд орон нутагт жилд
50-150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, малчдад тусалж байна. Тусалж
байна гээд мөнгө тараагаад байдаггүй л дээ. Хамгийн наад зах нь хашаа,
өвөлжөөг нь засч янзалж, нүүдэл суудалд нь машин тэргээр туслах гээд
олон төрлийн туслалцаа байна. Хүнд хүний тус багадаггүй юм. Баялагаа
ашиглах нь нь эргээд ямар ач тустай байдаг талаар иргэд сайн мэдэж
байгаа. Манай компани “Олон овоот”-ын алтны уурхайгаас л гэхэд 80 орчим
тонн алт олборлож, улсад тушаасан. Энэ их хэмжээний алт олборлосныхоо
татварыг улсад төлж, эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж
байна. Мөн орон нутагт ажлын байр бий болгож, хөдөөгийн хөгжилд гол
үүрэгтэй оролцож байна. Манай компани энэ жил нүүрсний лиценз авах гэтэл
олдохгүй их цаг хугацаа орлоо. Хараад байхад, манай ашигт малтмал ихтэй
гэсэн газар бүхнийг Хятад хүмүүс эзэмших эрхийг нь авсан байх юм. Хятад
хүнээс өөрийн нутагт байгаа нүүрсээ ашиглахын тулд бид маш их мөнгө
өгөх цаг болжээ. Тэд ухаад ашиглаад мөнгөө гадагшаа гаргаж байна. Түүний
оронд дотоодын компаниуд нь ажиллаж байвал олон талын ашиг тустай.

  -Та ингэхэд жилийн хэдэн хоногийг гэртээ, ар
гэрийнхэнтэй өнгөрөөдөг вэ?

-Би
геологич болоод 24 жил болж байна. Одоо бодоход өнгөрсөн он жилүүдийн
30

 хувийг гэртээ, 70 хувийг нь хээр
гадаа явж өнгөрөөжээ.

-Геологич
хүний ар гэр байх их хэцүү юм байна. Та өөрөө явсаар байгаад одоо бүр
сурсан байх?

-Геологич хүний
эхнэр их л тэвчээртэй байх хэрэгтэй байдаг юм. Би өөрийгөө геологид
тушаасан хүн шүү дээ. Хань маань ажлыг маань ойлгож, мэддэг болохоор
санаа зовох зүйлгүй ажлаа хийдэг. Би хотод удаан байж чадахаа байсан
байна лээ. Хээр гадаа явсаар байгаад хүн гэдэг тэр орчиндоо зохицож,
амьдралын хэв маяг нь  тийм болдог юм. Хоёр сар орчим хотод байгаад
ирэхээр аяндаа ажлынхаа хэрэгсэл, алх гээд багажаа цуглуулаад эхэлдэг
гэсэн. Үүнийг эхнэр маань ажчихаад, “Яагаад юмаа цуглуулаад эхлэв дээ”
гэдэг юм. Би явах бэлтгэл хийж байгаагаа өөрөө ч анзаардаггүй .

-Хүмүүс үр хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэх сонирхолтой
байдаг. Харин та?

-Би гурван
охинтой хүн л дээ. Охидоо ямар хүн болох нөхцөлийг нь  эхнэр бид
бүрдүүлэхээс ямар мэргэжил  сонгох нь тэдний эрх. Тиймээс чи аавынхаа
мэргэжлийг сонгоорой гэж хэлдэггүй. Аль нэг нь геологич больё гэсэн бол
би их л баярлах байлаа. Аав шигээ хүн болохыг хүсээгүй юм байлгүй
дээ./Инээв/

-Монголчууд эртнээс
уул, усаа хамаагүй хөндөхгүй гэж шүтэн дээдэлж тахидаг. Гэтэл та ажлын
шаардлагаар хөндөж, судалгаа шинжилгээ хийдэг. Энэ талаар та боддог уу?

-Би өөрөө бурхан шүтдэг хүн. Уул усандаа хүрэхдээ
залбирч, гуйж мөргөдөг үе байдаг.

-Таны ажлаа хийж байгаа зургийг харлаа. Уулчид шиг л өндөр
уул нуруугаар явдаг хүнд ажил  юм байна. Хорь гаруй  жилийн хугацаанд
олон хайгуулын ажил хийсэн байх. Тэр дундаас хамгийн хүнд нь ямар ажил
байв?

-Энэ жил тавдугаар
сараас эхлээд нүүрсний орд хайсаар саяхан олсон. Энэ ажил их хүнд
байсан. Түүнээс гадна оюутан байхдаа 1985 онд геологичидтэй Увс аймгийн
Сагил суманд хайгуулын ажил хийж байсан юм. Хайгуул хийж байсан Бор
шивээгийн нуруугаар машин байтугай морь ч явах боломжгүй гэдгийг олон
хүн мэднэ. Геологичдыг даган долоон өдрийн турш гал тогоо, майхнаа
үүрээд явж байхдаа би онгон байгаль ямар байдгийг өөрийн нүдээр харсан.
Далайн төвшнөөс 3800-4000 метрийн өндөрлөг газарт янгир ямаа, аргаль,
угалз давхилдаад мөн ч сайхан байгаль байсан нь одоо хэр нь санаанаас
гардаггүй юм. Олон жил явсаар аюул осолтой газраар яаж явах вэ гэдгээ
мэддэг болжээ.

-Маш богино
хугацаанд баялаг ихтэй орд олж  байсан тохиолдол бий юу.

-Эрж хайсан зүйлээ олоход нэг сайхан уухай хашгирдаг юм
даа. Богино хугацаанд орд олно, ашиглана гэсэн ойлголт бараг үгүй дээ.
Маш нарийн судалгаа шинжилгээ хэрэгтэй байдаг учир доод тал нь гурван
жил хэрэгтэй байдаг юм.

-Саяхан
манай улс олон жил ярьж, хүлээсэн Оюутолгойн гэрээг үзэглэлээ. Та энэ
салбарт олон жил ажилласан хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж
байгаа вэ?

-Би хувьдаа сайн
гэрээ боллоо хэмээн дэмжиж байгаа. Галт тэргээ бид хөдөлгөх л ёстой
байсан юм. Олон жил хүлээлээ шүү дээ. Улсын төсөвт гол үүрэг гүйцэтгэдэг
зэсийн үнэ энэ хугацаанд яаж унаж буцаад яаж өссөнийг бид бүгдээрээ
мэдэрлээ. Одоо нэгэнт гэрээгээ үзэглэсэн юм чинь мөнгөний урсгалыг
наашаа яаж эргүүлэх вэ гэдэгт анхааралтай хандах ёстой.

-Оюутолгойг манайхан өөрсдөө ашиглаж болох байсан юм
гэсэн бодолтой хүмүүс байдаг?

-Оюутолгой
бол асар том орд газар. Манай улсад энэ ордоо ашиглая гэхээр уул
уурхайн уламжлал байхгүй улс. Эрдэнэтэд л гэхэд дандаа оросууд, Бороо,
Багануур, Шивээгийн уурхайд ч гэсэн оросуудыг харж ажиллаж байгаа.
Уламжлалгүй хүмүүс яаж хийх билээ. Харин уул уурхай өндөр хөгжсөн энэ
орны хүмүүстэй ажиллаж байгаад их зүйл мэдээд сураад авах хэрэгтэй. Анх
“Бороо Гоулд”-ын ихэнх нь гадныхан байсан бол одоо монголчууд давамгайлж
ажлаа хийж байгаа. Манайхан юмыг мэдэрч, сурахдаа чадварлаг хүмүүс.
Сурч мэдээд дараа дараагийн том ордоо  өөрсдөө ашиглаж боловсруулах  цаг
ирнэ.

-Цаг зав гарган
ярилцсан таньд баярлалаа?

-Таньд
ч бас баярлаа. Манай улсад геологийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн
ойн баяр  болж байна. Танай сониноор дамжуулж үе үеийн ахмад болон одоо
ажиллаж байгаа геологичдодоо аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг 
ерөөж, ажлын өндөр амжилт хүсье.

Х.Оюунсүрэн

2009-10-18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж