Зорилгоо умартсан “Зүрхний хилэн”

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Зорилгоо умартсан “Зүрхний хилэн”

Зорилгоо умартсан “Зүрхний хилэн”

Анх удаа ном уншаад асгартал уйлсан маань Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” түүхэн роман байсан. Номонд уусан шингэж, амтыг нь мэдрүүлэхийн сацуу эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг умартсан бидэнд “луужин” мэт зүгийг заах тийм л бүтээл. Зүрх булиглаж, өшөө хорсол, үзэн ядалт төрж, өрөвдөж, хайрлаж ганц ч хором хойш тавилгүй шимтэн суусаар “Зүрхний хилэн” романыг уншдаг. Тиймээс ч түүхэн уран сайхны гэх тодотголтой “Зүрхний хилэн” киноны урьдчилсан танилцуулга цацагдсан цагаас хойш хүлээж, догдолж, басхүү танадав. Харин кино зохиол бол “Зүрхний хилэн” номын нэрийг нь ашиглаж, олны сонирхлыг татаж, хүлээлт үүсгэх пиар л байж.

“Фантастик” продакшн, “F Studio”-гийн хамтын бүтээл “Монгол Контент” ХХК-ийн хамтран ажилласан “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кино ч гарсан даруйдаа шуугиулж эхлэв. Б.Тамир, жүжигчин Э.Алдартай хамтран зохиолыг нь бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Мэдээж баргийн хүний барьж авахааргүй, түүхэн том сэдвийг шүүрч авсан нь талархууштай. Жүжигчдийн багт өмнө нь хийсэн “Маш нууц” киноны залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу тогложээ.

Бага хаадын эрх мэдлийн төлөөх туйлширсан, хагарсан тэмцлийн балгаар бусдын эрхшээлд орж, дарлуулж, мөлжүүлэн зовж буй ард түмний тэмцлийг харуулсан гэх энэ киноны тэмцэгчид нь шилийн сайн эрс. Зургаан эгэл эрсийн амьдрал, хайр сэтгэл, уй гашуу, зовлон, эсэргүүцлээр Манжийн дарлалын эсрэг тэмцлийг харуулахыг зорьсон нь ололт байв. Гэвч…

…Хэдэн жилийн өмнө “Кино сонгууль” шоу болоход түүхэн сэдвүүдээс Манжийн дарлалын эсрэг шилийн сайн эрсийн тэмцлийг харуулсан кино хийх санал олонхийн дэмжлэг авсан ч яасан нь мэдэгдэхгүй сураг алдарсан. Тэр л хүлээлтийг гүйцэлдүүлэх санаа яван явсаар тус кинонд биеллээ олсон бололтой.

Сайн эрсээр Манжийн эсрэг тэмцлийг харуулах нь аливаад баригдалгүй, түүхэн үнэнд хүлэгдэхгүй байх давуу талтай. Гэхдээ түүхэн цаг үе, чиг хандлага, сэтгэлгээ, байр байдлыг харуулахад илүү өргөн цар хүрээтэй, аливаад баригдалгүйгээр илүү далайцтай сэтгэхийг уран бүтээлчдээс шаарддаг. Тэгж гэмээнэ сая шилийн сайн эрсээр дамжуулан монголчуудын тэмцлийг харуулж чадна. Харин тэрхүү том алсын хараандаа кино нь хүрсэнгүй.

Шилийн сайн эрсийн дүйвээнийг харуулах гэсэн чармайлт нь ноёдын төлөөллөөс төрсөн эх орончдыг дэндүү өчүүхэн болгож, баллуурдаж орхив. Кинонд дахин дахин давтагдах монголчуудыг монголоор нь даруулах гэсэн Манжийн башир бодлогодоо хэт хөтлөгдсөнөөс зарим зүйлд төөрөв.

Энэ төөрөгдөл нь яван явсаар мөнөөх Манжийн эсрэг тэмцсэн гээд буй шилийн сайн эрсээ ч бүдгэрүүлж, “эх орончид” гэсэн мундаг тодотголыг нь харуулж чадсангүй. Харин ч эсрэгээрээ, өөрийн хөдөлмөрөөр бус амар хялбар аргаар мөнгөжиж, хөрөнгөжигчид байсан гэх ойлголтыг төрүүлнэ. Киноны гол дүрүүд болох зургаан шилийн сайн эрсийн толгойг Манжийн амбан тус бүрийг хоёр мянган лангаар үнэлэхэд бас л олонд нэр алдар нь цуурайтсан шилийн сайн эрс барьж авчирдаг хэсэгт олон логик авцалдсангүй. Мөнгөний төлөө Монголоо барьж буй шилийн сайн эрс Манжийн монголыг монголоор нь даруулах гэсэн бодлогыг мэдсэндээ бус мөнгөө авч чадаагүйдээ мөргөлдөөн үүсгэнэ. Түүнээс өмнө Манжийн амбаны өмнө өвдөг сөхрөхгүй зоригт эрсийг толгой гудайлгахын тулд хайртай бүсгүйгээ Манжийн амбанд булаалгуулсан Гармааг Сүглэгмаагаар нь барьцаалж байна. Ингэж санасандаа хүрч, сөхрүүлсэн ч Сүглэгмаагийн хоолойг хэрцгий амбан хайр найргүй огтолж орхино. Үүгээр Манжийн амбаны ордонд эхэлсэн бужигнаан дунд мөнөөх урвагч шилийн сайн эрс гэнэт сэхээ орж нөгөө зургаагаа зугтаалгаж, өөрсдийн амиа золих хэсэгт зарим яриа, үг нь сонсогдсонгүй. “…Зугтаарай”-тай үлдэв.

Шилийн сайн эрсийн шалгуур нь есөн эрүү давах гэсэн лут шийдлийг уран бүтээлчид олж харсан ч түүнийг нь хэн, хэрхэн яаж давдаг, ямар хэцүү яргалал, эрүү шүүлт вэ гэдгийг харуулсангүй. Харуулахгүйгээр барахгүй гяндангаас оргож буй хэсгийг арай л хялбараар шийдчихжээ. Лодойн /МУГЖ Г.Золбоот / хүү Базар /жүжигчин Б.Ганчулуун/ хуяг болж орж ирээд хамт явсан хуягаа ташуурдаж унагаад хуурай өгнө. Манай тав ч нүд анивчих төдийд л лут дөнгөө гялс хуурайдчихна. Дөнгөө хуурайдаж амжаагүй Эрболд /жүжигчин М.Баярбат/ голын эрэг дээр очсон хойно сугалаад шахуу гаваа гараасаа тайлж орхих шиг. Кинонд Манжийн амбан Фуньжоуг /жүжигчин Б.Барслхагва/ манжаар яриулж, доор нь тайлбар өгсөн нь үзэгчдийн анхаарлыг хандуулах харин зөв шийдэл болжээ. Манжийн амбаны дүрийг Б.Барслхагва илүү сайн гаргахын тулд багагүй судалгаа хийсэн нь ярианых нь аялга, нүүр хувирлаас нь илт. Тэр өөрт оногдсон үүргээ чамлахааргүй гүйцэтгэж чаджээ.

Кинонд бусад таван шилийн сайн эрсийн чадал, байр байдлыг дөвийлгөн харагдуулах Самдагийн дүрийг /жүжигчин Б.Батсайхан/ сонгожээ. Бусад дүрээ Самдагаар тодотгохын тулд дүрийнхээ байр байдалд хэт анхаарснаас Самдагийн дүр байх шалтгааныг бүрхэгдүүлсэн гэлтэй.

Тэр Тулалдааны хэсгүүдийн хувьд “Аравт” кинотой ерөнхийдөө төстэй. Монголчуудын чононоос үүсэлтэй гэх домгийг бодолцон хар тамхи тээсэн жингийн цуваа руу дайрч буй хэсэгт Эрболд чонын толгойн арьс углаж, хоорондоо ульж буй нь Манжийн хамгаалалтын цэргүүд чоно гэж айх нь  байтугай отолт байна гэж болгоомжилмоор.

Тулаан өнгөрөхөд хаанаас ч юм чоно графикаар гаргаж ирээд Манжийн цэргийг барьж буйгаар авцалдуулж байгаа нь бодит амьдралаас тасалж орхих нь тэр. Эгээ л “Twilight-Бүрэнхий киноны чоно болж хувирдаг хэсэг мэт, гадны кинонууд дээр харагддаг кадр ч зэрвэс харагдаад өнгөрөх шиг.

Эцсийн эцэст гол баатрууд маань Манжийн дарлалын эсрэг ч биш зүгээр өөрсдөд нь эрх чөлөө олгох Манжийн амбаны бичгийн төлөө явсан болж будилав.

Кинонд хэд хэдэн хэсэгт уянгалсан, үзэгчдийг уйлуулах гэсэн өгөгдлүүд оруулж өгсөн нь олширчээ. Төгсгөл хэсэгт Манжийн амбаны татварт цуглуулсан 5000 адууг гол баатрууд тууж яваад Манжийн амбан болоод цэргүүдтэй нь халз тулдаг хэсэгт сая нэг төөрөгдлөөсөө гарах нь тэр.

Эрболд ээж, эхнэр хоёрынхоо өшөөг Манжийн амбаны толгойг няц хагалж авснаар кино өндөрлөнө. Гол дүрүүдийн Дүгэр  /Э.Алдар/, Лодой хоёрын дүр өөр хоорондоо үүрэг, ролийн хувьд төдийлөн ялгарсангүй.

Дууны найруулагч, инженерийн алдаа байсан уу эсвэл жүжигчдийн алдаа юу, киноны зарим хэсгийн яриа үл сонсогдох бөгөөд үйл явдал, өмнөх, хойд үгээр нь таамаглахад хүргэж байв.

Үзэгчдийн дээр аваачсан тэр өндөрлөгт хараахан хүрээгүй ч “Зүрхий хилэн”-гийн залуус арай өөрөөр өөрсдийгөө илэрхийлэх гэсэн нь хийсэн, бүтээснээс нь илт. Дээрх бүхнийг эс тооцвол тэд нэгэн шинэ шалгуурыг өөрсдийнхөөрөө тавилаа. Дараагийн түүхэн сэдэвт уран бүтээл түүнээс илүү болж байж гэмээн тэдний авсан үнэлгээг олон нийтээс авах болно. Ялангуяа Жамъяны дүрд тоглосон СТА Ж.Алтаншагай өөрт оногдсон дүрээ нэр төртэйгээр авч гарчээ. Жаахан нуршсаныг нь эс тооцвол “Зүрхний хилэн” залууст гүн сэтгэгдэл төрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж