НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд анх удаа үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ байгууллагыг хүчин чадлаа бүрэн дайчилж ажиллаж чадахгүй, хүнд сурталдаа дийлдсэн байгууллага гэж шүүмжилжээ.
Д.Трамп ‘Сүүлийн жилүүдэд НҮБ хүнд суртал, буруу менежментийн улмаас үүргээ бүрэн гүйцэтгэж чадаагүй. Харин хөрөнгө оруулалтын хэмжээ огт өөр үр дүн харуулж байгаа” хэмээн цохон тэмдэглээд НҮБ-ыг цаашид хүнд сурталд биш, хүмүүст илүү анхаарал хандуулж, өнгөрсөн хугацаанд алдсан алдаанаасаа сургамж авч, дахин давтахгүй байхыг уриалсан байна.
Түүнчлэн Д.Трамп АНУ Нью Йорк хотод төвтэй энэ байгууллагын үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахад энэ хугацаанд бусад орноос илүү их хөрөнгө оруулж ирсэн гэжээ.
Д.Трампыг Ерөнхий Ассамблейн чуулганд ямар мэдэгдэл хийх бол гэдгийг дэлхийн улс орнуудын тэргүүлэгчид ихээхэн хүлээж, анхааралтай ажиглаж байсан бөгөөд түүний хэлсэн үг өчигдрийн гол дуулиан болсон байна. Учир нь Д.Трампын “АНУ нэгдүгээрт” гэсэн байр суурь олон улсын энэ томоохон байгууллагын ирээдүйд яаж нөлөөлөх бол гэж олон улс санаа зовниж байсан билээ. Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Ч НҮБ-ыг өрсөлдөх чадваргүй, сул дорой, АНУ, Израилийн нь ч түнш биш хэмээн хурцаар шүүмжилдэг байсан юм. Гэхдээ ерөнхийлөгч болсноосоо хойш шүүмжлэх нь багасч, Цагаан ордонд НҮБ-ын элч нартай уулзахдаа энэ байгууллагыг нөөц бололцоогоо дайчилж чадахгүй байна гэж хэлэх болсон байна.
Д.Трамп Ерөнхий Ассамблейн чуулганд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынх нь гол уриа болсон үгийг хэлж, “Миний хэлэх үг бол НҮБ-ыг агуу болгох. Гэхдээ дахин гэж хэлэхгүй” хэмээн онцлоод “НҮБ-д асар их нөөц бололцоо бий. Бид энэ байгууллагыг өөрчилж чадна гэж бодож байна” гэж дурьджээ.
Хэдийгээр Д.Трамп НҮБ-аас явуулж ирсэн үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн ч НҮБ-д өгдөг АНУ-ын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах тухай огт дурьдаагүй гэнэ.
Хойд Солонгосын цөмийн аюул, занал Ерөнхий Ассамблейн чуулганы халуун сэдэв байсан. Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоогүй юм. Гэхдээ Хойд Солонгосын цөмийн зэвсгийн амбицыг дарахад шахалт үзүүлэхийн тулд Аюулгүйн зөвлөлөөс ямар арга хэмжээ авах талаар Д.Трамп, Си Жинпин нар утсаар хоорондоо ярьсан байна.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны хувьд АНУ нь НҮБ-ын хамгийн том хөрөнгө оруулагч юм. АНУ дангаараа НҮБ-ын байнгын үйл ажиллагааны нийт зардлын 25 хувийг хариуцахаас гадна энхийг сахиулах үйл ажиллагааны зардлын 28 хувийг даадаг ажээ. Гэвч АНУ энэ жилийн хөрөнгө оруулалтыг одоо болтол хийгээгүй байгаагаас НҮБ Америкийн хөрөнгө оруулалт буурах вий гэж санаа зовниж байгаа юм.
Орчуулсан Н.Энхтуяа
Эх сурвалж: AP