УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр Багшийн хөгжлийн тухай хуулиар Ардчилсан намын бүлэг завсарлага авсан шалтгааныг тайлбарлаад, энэ асуудалд ямар ч улстөржилт байхгүй гэдгийг тодотгов.
“Н.Учрал гишүүн Ардчилсан нам Багшийн хөгжлийн тухай хуулийг хойш татаж байна гэсэн утгатай зүйл ярьж байна. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төсөл болон үндэслэл, үзэл баримтлалыг гурав хоногийн өмнө гишүүдэд өгч, танилцуулах ёстой. Багшийн хөгжлийн тухай хууль Ардчилсан намын бүлгийн гишүүдэд огт ирээгүй. Бид танилцаагүй. Тийм болохоор энэ завсарлагыг авсан. Завсарлагын хугацаанд хуулийн төсөлтэй танилцлаа. Гэтэл Багшийн хөгжлийн тухай хууль эсрэгээрээ багшийн хөгжлийн эсрэг хууль болсон байна. Энэ хуулийг одоо хэлэлцэж амжихгүй. Хуулийг хэлэлцэхэд нэг сарын хугацаа шаарддаг. Гэтэл өнөөдөр чуулган завсарлаж байна.
Энэ хуулийг тунхагийн шинжтэй боловсруулагдсан гэж үзэж байна. Хуулийн төсөлд хоёр шинэ зүйл байна. Эхнийх нь Багшийн хөгжлийн төв. Хоёр дахь асуудал нь Багш нарын ёс зүйн хороо байгуулах тухай. Өнөөдөр хаа сайгүй сургуулийн захирлыг намын харьяаллаар томилж байна. Тэр захирлууд нь өөрийн хүмүүсээ авч ирээд, ёс зүйн хороонд оруулчихна. Ингэснээр социализмын үеийн ногоон малгайтнуудын хийдэг байсан хандлага эргээд нэвтэрнэ.
Хуулийн төсөлд төсвийн холбогдолтой 13 заалт бий. Төсөвтэй холбоотой асуудлыг зөвхөн Төсвийн тухай хуулиар зохицуулна гэсэн хуулийн заалт бий.
Мөн өмнөх хуульд байсан 40.8 дугаар заалтыг хассан байна. Тэр заалтад багш нар өөрийн ур чадварыг таван жил тутамд дээшлүүлнэ гэсэн байдаг. Энэ заалт байхгүй болсноор сургалт дээшлүүлэх үйл ажиллагаа явагдахгүй болох талтай.
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт таван жил дутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Гэтэл зөвхөн багш нарыг үлдээгээд, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хичээлийн эрхлэгч, дотруур байрны багш, эмч, албан бус боловсролын багш нарын тэтгэмжийг хасах тухай оруулсан байна. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эмч нарт ч мөн адил хасагдаж байна” гэв.
Түүнийг ийн мэдээлэл хийсний дараа Н.Учрал гишүүн эсэргүүцэж, тайлбар хийв.
Тэрбээр “Ардчилсан намын бүлгээс Багшийн хөгжлийн тухай хууль дээр завсарлага авсан. Завсарлага авсан шалтгаан улс төртэй холбоотой. Дээр нь би нэг зүйлд эмзэглэж байна. Тэр юу вэ гэвэл, багш нарт буруу мэдээлэл өгч байгаа явдал. Багшийн хөгжлийн хуулиар өнгөрсөн 27 жил орхигдуулсан асуудлыг багш нар өөрсдөө санаачилж, өргөн барьсан. Таван жилийн тэтгэмжийн асуудлыг ярьж байна. Үүнийг Боловсролын тухай хуулиас аваад, Багшийн хөгжлийн тухай хуульд нь хийж өгөх юм бол орон нутгийн багш нараас гадна хотод ажиллаж байгаа багш нар авах боломжтой болж байгаа юм. Ардчилсан намын бүлэгт хандаж 70 мянган багшийн асуудлыг битгий улстөржүүлээч гэж хэлмээр байна” гэв.
Т.ДАВААНЯМ