
Нийслэлийн 44 дүгээр сургууль нь хичээлийн “А”, “Б” хоёр байртай. Тус сургуулийн өргөтгөлийг Япон улсын буцалтгүй тусламжаар барьж, өнгөрсөн онд хүлээлгэн өгчээ. Жилийн өмнө ашиглалтад орсон өргөтгөлийн байранд бага, дунд ангиудын ихэнх нь хичээллэдэг бөгөөд хүүхдийн сурах орчныг сайн бүрдүүлсэн нь үүднээсээ авахуулаад давхар бүртээ тавьсан цэцэгнээс нь харагдаж байсан юм. Тус сургуулийн хичээлийн “А” байрны анги танхим хэдийгээр олон жилийн өмнө ашиглалтад орж байсан хуучин байр ч дотоод тохижилт, анги танхим нь мөн л боломжийн гэж дүгнэж болохоор. Ямартай ч тус сургуулийн багш нар сүүлийн 10 жилд хийгдээгүй тохижилтийн ажлыг хоёр жилийн өмнө томилогдож ирсэн шинэ захирал нь хийсэн гэж байв. Бидэнд ирсэн мэдээллээр бол тус сургуулийн гуравдугаар ангийн “Д” бүлгийн сурагчдын эцэг, эхээс өнгөрсөн хавар анги засварын мөнгө гэж 20 мянган төгрөг хурааж байсан аж. Харин энэ удаад 25 мянган төгрөгийг мөн л анги засна гээд хурааж эхэлжээ. Дээрээс нь тус сургуулийн захирал ангиа сайн тохижуулсан багш нарыг гадаадад амраана гэж амлалт өгсөн гэх мэдээлэл ч байгаа юм. Сургуулийн захирал н.Сувдаатай уулзаж энэ талаар лавлах гэсэн ч гадуур ажилтай гээд эзгүй байлаа. Тиймээс бага ангийн сургалтын менежер Б.Содномбалжираас тодруулсан юм. Тэрбээр,
-Манай сургуулийн захирал ангийн засвар сайн хийсэн багш нарт гадаадад амраана гэх амлалт өгөөгүй. Баттай хэлж чадна. Харин гурвын “Д” бүлгийн эцэг, эхчүүдээс анги засварын мөнгө хурааж байгаа нь үнэн. Өнгөрсөн хавар нэг хүүхдээс 15 мянган төгрөг, одоо 25 мянган төгрөг нийтдээ 40 мянган төгрөг цуглуулсан байна. Ангийн багш нь эцэг, эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр хурааж байгаа гэж хэлэв. Эцэг, эхчүүдээс мөнгө хуримтлуулах бол бүгдийнх нь саналыг сонсч байж авах хэрэгтэй байдаг юм. Хурлын протоколтой нь танилцсан. Олонх нь буюу 94 хувийн саналаар зөвшөөрсөн юм билээ. Эцэг, эхчүүд хүүхдээ тохилог орчинд суралцах боломжийг хангаж, нэг ёсондоо бэлэг барьж байгаа хэрэг шүү дээ. Сургуулийн удирдлагуудын зүгээс бол ангиа зас, тохижуул гэж шаардсан зүйл байхгүй. Улсаас сургуулийн нийтийн эзэмшлийг тохижуулах, засах мөнгө өгөхөөс бус анги танхимын засвар хий гэж мөнгө өгдөггүй.
Дараа нь бид анги засварын ажилд зориулж 25 мянган төгрөг хураах шийдвэрийг гаргасан хурлын протоколтой танилцсан юм. Протоколд тэмдэглэснээр бол тус ангийн 35 сурагчийн 25-ийнх нь эцэг, эх тус өдрийн хуралд суужээ. Тэгэхээр эцэг, эхчүүдийн 94 хувь нь биш 70 орчим хувь нь анги засварын мөнгө хураах саналыг дэмжсэн болж таарч байгаа юм. Улмаар үлдсэн эцэг, эхчүүд нь уг мөнгийг өгөхөөс өөр аргагүй болжээ. Өнгөрсөн хавар хураасан 15 мянган төгрөгөөр хаалга, угаалтуур, хүрээ зэргийг хийсэн бөгөөд одоо хурааж байгаа мөнгөөр вакуум цонх, чулуун тавцан, өлгүүр зэргийг хийж байгаа гэнэ. Ингэж болох эсэх талаар Боловсролын газрын Бага, дунд боловсролын газрын дарга Н.Энхбат эцэг, эхчүүдийн гомдол гаргасны үндсэн дээр 44 дүгээр сургуулийн захирал н.Сувдааг дуудаж уулзсан аж. Тэгээд цаашид ийм асуудал гаргахгүй байхыг анхааруулжээ. Тус сургуулийн багш нар болохоор анги танхимаа тохижуулахад эцэг эхийн туслалцааг авахаас өөр аргагүй байдаг хэмээн ярьж байлаа.
Нийслэлийн хэмжээнд нийт 120 орчим ерөнхий боловсролын дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн 44 дүгээр сургууль биш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ гэдэг олон хүн дургүйцдэг. Манай улсын хүн амын дийлэнх хэсэг нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой. Тиймээс ангийн засвар, тохижилтын мөнгө эцэг, эхчүүд төдийгүй хүүхдүүдийн хувьд дарамт болдог нь үнэн. БСШУЯ-ны зүгээс ерөнхий боловсролын дунд сургуулийн удирдлагуудад мөнгө хуримтлуулж, орлого олох боломжийг нь нээж өгсөн хэдий ч “Ингэлээ гээд хүүхдүүдээс хамаагүй мөнгө татаж болохгүй” гэдгийг давхар анхааруулсан аж.
Нийслэлийн зарим ерөнхий боловсролын дунд сургуулиар орж сургуулийн засвар, тохижилтод зориулж улсаас хэдэн төгрөг өгдгийг сонирхсон юм. Улсын төсвөөс тухайн сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, орчныг засахад зориулж 1-1.5 сая төгрөгийг төсөвлөдөг байна. Энэ нь нэг жилд зарцуулах мөнгө. Мөн 500-700 мянга орчим төгрөгийг эд, хогшил авахад зориулж өгдөг аж. Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлуудын хэлж буйгаар энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй бөгөөд бэрхшээл олон байдаг гэнэ. Тиймээс сургуулийн орчныг тохижуулах мөнгийг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагад төсөл бичих зэргээр олдог хэмээж байсан юм. Мөн “Сайд, дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ерөнхий боловсролын дунд сургуулиудад зарцуулах мөнгийг нэмсэн, энэ тал дээр анхаарсан гэж ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр тэдний хэлсэн шиг байж чадахгүй байгаа” гэх хүн ч байв. Ангиа засахгүй бол багш нартай хариуцлага тооцож, цалингаас суутгана гэдэг зарчим үйлчилдэг сургуулиуд ч байдаг байна.
Зөвхөн ерөнхий боловсролын дунд сургууль төдийгүй, ясли, цэцэрлэгүүд ч эцэг, эхчүүдээс мөнгө, эд хогшил нэхдэг. Гэхдээ мөн л энэ тохиолдолд эцэг, эхчүүдийн саналыг сонсдог хэмээх хариултыг өгч хэвшсэн гэхэд болно. Цэцэрлэгүүдэд бүтэн жилийн урсгал засварын мөнгө гэж 450 мянга орчим төгрөг, эд хогшилд зарцуул гэж 250 мянга орчим төгрөгийг улсын төсвөөс өгдөг ажээ. Сургууль, цэцэрлэгүүдэд өгдөг энэ багахан мөнгө удирдлагуудад нь гэхээсээ илүүтэйгээр хүүхэд, тэдний эцэг, эхэд дарамт болон хувирч байгаа юм.
Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин