Сайн сайхан цаг ирж байна гэж казах түмэн билэгшээж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Сайн сайхан цаг ирж байна гэж казах түмэн билэгшээж байна

Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр казах түмний баяр-Наурызын баярын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэ өдөр Өлгий хот онцгой өнгө чимэгтэй, хөл хөдөлгөөнтэй байлаа. Өлгий хот төдийгүй, ойр зэргэлдээ орших сумдаас казах түмэнтэй нэг аймаг болон амьдран суудаг тува, урианхай, дөрвөд ястнууд Наурызын баяртаа оролцохоор иржээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, баярын мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ “ Казах түмэн зуун зуун дамжин  өв соёл, зан заншлаа хэвээр хадгалж, ахмад үеэ хүндэтгэн дээдэлдгийн гайхалтай сайхан илрэл бол Наурызын баяр юм. Хаврын баяр-Шинэ өдрийн энэ баяраараа сайн сайхан цаг ирж байна гэж казах түмэн билэгшээдэг билээ. Та бүхнийг Төрийн сүлд, Алтайн уулс, хөх тэнгэр ивээг” гэлээ. Нээлтийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, аймгийн ИТХ-ын дарга Х.Баян, ЗДТГ-ын дарга Б.Зархум нар “Жилээс жилд төрийн өндөр дээд зочид манай ард түмнийг хүндэтгэн бидний баярт оролцдог уламжлалтай. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч ирж та бидэнтэй хамт Наурызын баярыг тэмдэглэж байгаад бид баяртай байна” гэж байлаа. Заншил  ёсоор, “Кыдыр ата бата өгнэ” буюу тэнгэр, өвгөдөөсөө ерөөл гуйх ёслол үйлдсэний дараа баярын ажиллагаа эхэлсэн байна. Дараа нь аймгийн иргэд баярт зориулсан ёслолын жагсаал, жүжигчилсэн тоглолт үзүүллээ.
1860 онд Дорно зүг нүүсэн казах үндэстний их нүүдэл Монголд ирснээс хойш өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн түүхэн амьдрал замналыг цаг үеэр нь онц сонирхолтой харуулсан энэ ёслолын жагсаалд найман настай балчраас эхлээд, 80 настай буурал хүртэл оролцсон юм.  Ялангуяа дөрвөд, урианхай, торгууд хошуудтай нийлж, Монгол улсын бүрэлдэхүүнд орсон 1911 он, Ховд аймгаас тасалж Баян-Өлгий аймгийг байгуулах шийдвэр гарсан 1940 он, нэгдэлжих хөдөлгөөн, ардчилал зэх зээлд шилжсэн 90 он зэргийг онц сонирхолтой жүжигчлэн үзүүлсэн. Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх Баян-Өлгийчүүд арвин түүх соёлтой, амжилт бүтээлтэй болохоо энэхүү ёслолын жагсаалаар харууллаа. Дараа нь аймгийн төв талбайд, урлагийн тоглолт, үндэсний бусад тоглоом наадаан өрнөж, Наурызын баяр сайхан боллоо.
НҮБ тусгайлан шийдвэр гаргаснаар  энэ жил дэлхий даяар казах үндэстний баяр-Наурызыг  өргөн дэлгэр тэмдэглэж, казах түмэнд хүндэтгэл  үзүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн 2-р сард ЮНЕСКО , Наурызын баярыг дэлхийн өв соёлын жагсаалтад бүртгэсэн гээд казах түмний баяр энэ жил илүү өргөн дэлгэр утга агуулгатай болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж