Д.Батбаяр: Цахим картанд хэзээ шилжих нь тодорхойгүй байгаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр: Цахим картанд хэзээ шилжих нь тодорхойгүй байгаа

Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяртай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын оюутны холбоо  оюутны “Цахим” карт хэвлэхийг эсэрүүцэж хэвлэлийн хурал хийж байсан. Гэвч ирэх сарын 1-нээс цахим картаар оюутнууд зорчих болоод байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Цахим карт биш юм. Эрхийн үнэмлэх гэх нь зүйтэй.  Уг эрхийн үнэмлэхэд  алдаа дутагдал их байсан. Үүнийг засч залруулах шаардлагатай гэж МОХ үзсэн юм. Үүнийхээ дагуу Нийслэлийн нийтийн тээврийн газарт хэд хэдэн шаардлага хүргүүлсэн.
-Ямар шаардлага тавьсан юм бэ?
-Оюутан хохирохгүй байх. Мөн бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан юм.  Гэвч дээрх шаардлагуудыг зохих төвшинд биелүүлсэн учир харилцан зөвшилцсөний үндсэн дээр хамтран ажиллах гэрээгээ өнөө маргаашгүй байгуулахаар болоод  байна.
-Эрхийн үнэмлэхээр үйлчлүүлсний давуу тал нь юу вэ?
-Энэ нь цахим картад шилжих бэлтгэлж ажил гэж ойлгож болно.  Цахим картад хэзээ шилжих нь тодорхойгүй байгаа.  Өмнө нь нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих маркийг  хуурамчаар үйлдэх, бусдад дамжуулан ашиглах, оюутан биш хүн зорчих, дамлан худалдах зэрэг зөрчил байсан. Эрхийн үнэмлэх рүү шилжсэнээр энэ бүх зөрчил арилна.
-Эрхийн үнэмлэхийг хэдэн хувь хэвлэх вэ?
-Нийт 80 мянган хувийг хэвлэхээс одоогоор 72 мянгыг нь хэвлээд байна.  Эрхийн үнэмлэх нь Монголын оюутны карт буюу виза мастер картын хамт хүчин төгөлдөр үйлчилнэ. Автобусны кондуктор бүрт шалгагч машин байна.  Уг машинд нь ойртуулахад нь дуугарч мэдээлэл өгнө.  Хугарч гэмтсэн, үрэгдүүлсэн тохиолдолд МОХ-нд мэдэгдэж, шинээр хэвлүүлж авна.
Эрхийн үнэмлэх нь 1500 төгрөгийн үнэтэй. Улирал тутам 900 төгрөгөөр  нийтийн тээврээр зорчин эрхээ сунгуулах юм.
-Оюутны нийтийн тээврээр зорчих энэ сарын  хөнгөлөлтийн билет хангалтгүй хэвлэгдэж, оюутнуудыг бухимдуулсан.  Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Нийтийн тээврийн газартай тохиролцож, I, II  сарын хөнгөлөлтийн билетээр гуравдугаар сард зорчуулахаар болсон. Үүнтэй холбоотой олон зөрчил гарсан.  Бид нийтийн тээврийн газрынхантай хамтарч хяналт шалгалт хийж засч залруулсан.
-Эрхийн үнэмлэх авахдаа оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Нийтийн тээврийн газраас гаргасан  бүртгэлийн хуудсыг бөглөснөөр ажлын гурав хоногт гарна.
-Их дээд сургуулиуд нэгдэх гэж байгаа. Энэ тал дээр МОХ ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид дэмжиж байна.  Энэ нь дээд боловсролын салбарт гарч буй дэвшил юм. Боловсролын яамнаас гарсан ажлын хэсэгт манайхаас төлөөлөл орж ажиллаж байгаа.
Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж