“Аавуудын баяр”-ын өдөр өнөөдөр /2018.08.08/ тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужид амьдардаг Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас хойш аав нь таван хүүхдээ ганцаараа өсгөсөн ачлалтай аав аж.
Харин 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан байна. Харин жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Манай улсад “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос хойш энэ өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн.
Тэгвэл аавыгаа хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байгаа хүмүүст зориулж "Аавууд энэ өдөр хүүхдээсээ юу хүсдэг бол" гэх асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу? Намайг Б. Одпүрэв гэдэг. Би наддаа л үргэлж бяцхан харагддаг хоёр хүүхдийн аав. Энэ өдөр би хүүхдүүдээсээ ямар нэгэн материаллаг зүйл хэзээ ч хүлээхгүй. Бүх аавууд надтай адил бодолтой байгаа байх. Алдах үед нь татаж, ахиж дэвших үед нь анхааруулж, андуурч эндэхэд нь түшихийн тулд тоотойхон хэлдэг хэдэн хатуу үгний минь цаана тэднийгээ гомдоочих вий дээ гэх бодлыг минь мэддэг эсэх, тэдний төлөө, тэдний хайрладаг бүхний төлөө чадах бүхнээ хийдгийг минь мэддэг эсэхийг би мэдэхийг хүсдэг. Магадгүй энэхүү бодож явдаг зүйлийнхээ хариултыг энэ өдөр мэдэж авч болох юм.
-Намайг Б.Золбаяр гэдэг. Би хөөрхөн бяцхан охинтой. Охин минь одоо гурван настай охиноо эрүүл саруул ухаантай хүн болоосой гэж хүсдэг. Хүсэлдээ хүрэхийн тулд охиноо сайн өсгөнөө. Энэ өдөр охиноо баярлуулна. Охин минь жаргалтай байвал надад өгч байгаа хамгийн том бэлэг. Тэр минь жаргалтай байвал би жаргалтай байна.
Намайг Б. Лхагва гэдэг. Би хоёр охин, хоёр хүүтэй их азтай хүн. Хайртай ханьдаа их л баярлаж явдаг. Хүүхдүүдээсээ хүсэх зүйл алга даа. Тэд минь намайг “Ааваа” гэж дуудахдаа, нуруун дээр минь суугаад тоглохдоо намайг жаргалтай болгодог.
Аавууд хүүхдээ үргэлж сайн хүн болгож хүмүүжүүлэхэд гол санаа тавьдаг хүмүүс. Энэхүү баяр нь аавдаа хэчнээн их хайртай бас талархаж явдгаа хэлэх боломж юм. Ийм учир бидний хувьд ямар чухал хүн бэ гэдгийг тэдэнд сануулж энэ өдрийг алдалгүй ашиглаарай.
Монголын нийт аавууддаа баярын мэнд хүргэе!
С. Орхоншүр