Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотой эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Эдийн засагч Д.Дэлгэрсайхан:
-Баялгийн сангийн тухай хуулийг батлан гаргах нь зөв зүйтэй асуудал. Өнөөдрийг хүртэл байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг үр ашигтай ашиглах, тэгш шударга хуваарилалтын байдал алдагдсан. Тийм учраас “үндэсний баялгийн” гэсэн тодорхойлолтойгоор нэгдмэл байдлаар удирдах хууль эрх зүйн орчин бүрдэж байгааг сайн зүйлийн эхлэл гэж харж байна.
Нэгдүгээрт тэгш, шударга хуваарилалт гэдэг зарчим руу ойртож чадсан эсэхийг бодох л асуудал. Баялгийн санг нэгдмэл эрх зүйн орчинтой болгоод Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан болгон хуваасан нь олон улсын шаардлагад нийцсэн. Өнөөдөр байгалийн баялгаас олж байгаа орлогоосоо ирээдүйдээ хүртээе, Монгол Улсын хөгжлийн асуудалд зарцуулъя, иргэддээ хүртээе гэж байгаа нь өмнөх хууль эрх зүйн орчноосоо дэвшилтэт зүйл. Мөн дээр нь бэлэн мөнгөний амлалтаас татгалзаж байгаа нь ч дэвшил.
Гэсэн хэдий ч уг хуульд сайжруулах асуудлууд олон байна. Тэгш шударга хуваарилалт гэдэг асуудлаа зөв ойлгож байна уу. Тэгш шударга хуваарилалт гэдэг нь Монгол Улсын нийт иргэдэд хамаарах, байгалийн баялгаас орж ирсэн орлогыг Монгол Улсын хөгжлийн төлөө зөв зарцуулаад, тэр нь иргэдийн амьдрах орчин, амьжиргааг сайжруулах, амьдралын чанарыг нь сайжруулахад зориулагдах ёстой гэдэг бол тэгш, шударга хуваарилалтын сонгодог зарчим. Энэ зарчмаа хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас өмнөх 10 гаруй жил шууд хуваарилах зарчмаар буюу хүүхдийн мөнгөнөөс авахуулаад олон төрлийн халамж тараасан. Одоо ч гэсэн хуримтлалын сангаараа дамжуулаад шууд хуваарилах зүйл хийх гэж байна. Шууд хуваарилалтын зарчим олон улсад байдаг хэдий ч бидний зорилго тэгш, шударга гэдэг нь хөгжлийн зөв бодлого хэрэгжүүлэх замаар буюу боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой.
Хоёрдугаарт, одоо хэрэгжиж байгаа баялгийн хуваарилалтын зарчмыг халаад, сайжруулж чадах эсэх асуудал нээлттэй орхигдчихоод байгаа нь засаглалын асуудал. Өөрөөр хэлбэл, Баялгийн санд бодитоор хөрөнгө мөнгө хуримтлагдах уу гэдэг нь Монголын өнөөгийн нөхцөлд маш эргэлзээтэй асуудал. Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан гэх мэт сангууд байсан. Гэтэл бодит байдал дээр ирээдүйд зарцуулахаар хуримтлуулж байсан хэдэн арван их наяд төгрөгийг төсөв рүү татаж зарцуулснаас Монгол Улсын эдийн засагт бодит хөрөнгө оруулалт орсон зүйл алга. Хөрөнгө оруулалт хийгээд сан нь аривжиж байгаа ч юм алга. Тиймээс Баялгийн сангийн засаглал буюу хуримтлуулах, удирдах, зарцуулах механизм нь яг одоогийн зарчмаар явахаар байна. Одоогийн зарчим гэдэг нь төсвийн нэг хэсэг байж, төсвөөрөө баталж, түүнийг нь төрийн аудитын байгууллага хянах юм байна. Яг ийм замаар яваад өнгөрсөн хугацаанд сангуудаа арвижуулж чадаагүй. Тийм учраас Баялгийн санг удирдах сайн засаглал алга. Баялгийн сангийн үндэсний корпораци ч юм уу хөндлөнгийн олон нийтийн оролцоотой байгууллага байгуулж, мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагаар удирдуулах тухай асуудал огт дурдаагүй байна. Тиймээс засаглалын асуудал дутуу дулимаг байна. Засаглалыг сайжруулахгүйгээр эдгээр сангууд нийгэм, эдийн засагт сайн үр нөлөө үзүүлнэ гэхээсээ илүүтэй төсвийг тэлсэн хувилбар болж байна.
Түүнчлэн гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой, дэмжих ёстой, гадны хөрөнгө оруулалт Монгол Улсын хөгжлийн гол тулгуур гэж ярьдаг боловч бодит байдхл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого эргэлээтэй байсаар байна. Төр өөрөө зөвшөөрөл өгдөг, эргүүлээд булааж авдаг боллоо. Олон нийт энэ асуудалд эерэг хандаж байх шиг байна. Яг үнэндээ энэ бол маш буруу жишиг. Төр анхнаасаа баялгаа зөв хүнд өгдөг, зөв хяналт тавьдаг, менежмент гэрээ байгуулдаг тогтолцоогоо бүрдүүлэх ёстой. Төрийн засаглал чухал байна. Маагадгүй дахиад хэдэн жилийн дараа төр зөвшөөрөл олгосон ордоо буцааж авах талаар яриад сууж байвал эмгэнэл болно. Түүнчлэн стратегийн бүх ордын 34 ордыг төр эргүүлж авах тухай асуудал гадна, дотныхонд тийм таатай мессеж өгөхгүй. Төрийн менежмент, үүрэг алдагдсан байгаагийн бурууг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид үүрч болохгүй.
Эдийн засагч Б.Лакшми:
-Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын иргэнд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш шударга байдлаар хүртээх ийм боломж бүрдүүлж чадаагүй гэж үзэж байна. Тус санд орлого их хэмжээгээр төвлөрөхөөр харагдаж байгаа болов чиг эргээд иргэд, олон нийтэд яаж хуваарилах нь тодорхой бус хэвээрээ байна. Өмнө нь ЭТТ дээр ч гэсэн ард иргэдээ хувьцаа эзэмшүүлсэн боловч, иргэд эзэмшиж байгаа хувьцааныхаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн хуваарилалт хийж байгаа тооцоолол, олгож байгаа энэ мөнгө нь ямар зарчмаар хийгдэж байгаа нь бас яг энэ тодорхой бус байна. Зарим иргэн магадгүй өөрсдийнхөө хувьцааг эргээд өсгөх ч юм уу нэмэгдүүлэх ийм сонирхолтой байхад тийм боломжууд нь бүгдээрээ хаалттай байна. Түүнчлэн уг хууль батлагдсанаар шинээр хөрөнгө оруулалт оруулахгүй, буурахад нөлөөлнө гэж харж байна.
Стратегийн ордууд дээр төр өөрөө 34 хувийг нь эзэмших юм бол 34 хувийнхаа хөрөнгө мөнгийг гаргаж оролцох ёстой байдаг. Өнөөдөр ихэнх төслүүд дээр харахад төр 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг гаргаад ижил тэгш гараанаас оролцоогүй байна. Гэтэл хувийн хэвшлийн 100 хувь хөрөнгө оруулаад өөрсдөө цааш нь хөгжүүлсэн зүйлсүүдийг нь дээрэмдэж байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол багасна. Мөн Баялгийн сангаа гурван төрлийн баялгийн сан болгож хувааж байна. Нэг талаасаа төвлөрөх мөнгийг нь яриад байгаа боловч эргээд зарцуулах зүйл нь ил тод байдал, менежмент нь яаж явах тодорхой бус байна. Тиймээс Монгол Улсад муу жишиг болсон Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сантай адил улс төрчид ашиглачих тэр суурь нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд байна гэсэн хардлага төрж байна.
Мөн нэрийн данс гэдэг чинь зүгээр хий хоосон юм л болчихоод байна. Яагаад гэвэл тэтгэвэр дээр нэрийн данс нээчихсэн ямар ч мөнгөгүй тийм нэрийн данс байна. Норвегийн сан дээр төвлөрч байгаа газрын байгалийн баялаг нефть, байгалийн хий, газрын орлогоос төвлөрч байгаа орлого нь тэнд төвлөрдөг учраас илүү тогтвортой байдаг. Гэтэл манайд төсвийн алдагдалд ороод ирэхээрээ дахиад нөгөө төвлөрсөн төсвийн алдагдалд сангуудаа ашиглахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл дахиад л нөгөө сайд нарын дэргэд халаасны сан болох засаглалтай байна. Өнөөдөр Монгол Улсын бүх үзүүлэлтүүд нь буурч байгаа энэ үед ялангуяа авлигалын үзүүлэлтүүд нь буурч байгаа энэ үед буруу жишиг байх л гэж бодож байна.
Холбоотой мэдээ