Иранаас ОХУ руу зэвсэг тээвэрлэхийг зогсоох хүчин чармайлтыг барууныхан гаргаж буй. Гэтэл энэ хүчин чармайлт нь Каспийн тэнгист үнэгүйдэж байна. Дэлхийн хамгийн том нуур гэгддэг далайд гарцгүй усаар дамжуулан Иран улс Орос руу зэвсэг тээвэрлэх үйл явцаа эрчимжүүлжээ. Энэ нь АНУ болон НАТО-ийн тэнгисийн цэргийн хүчин чадлаас хэтийдсэн хэрэг юм.
Йемен зэрэг бусад дайны бүс рүү Ираны зэвсэг тээвэрлэх явцыг АНУ амжилттай таслан зогсоосон. Гэтэл Каспийн тэнгис, Азербайжан, Казахстан, Туркменистантай хиллэдэг Төв Азийн орнууд зэвсэг тээвэрлэлтийг хориглох нь бүү хэл Оросын эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд баруунтай нэгдэхийг хүсэхгүй байна. Эдгээр засгийн газрын хамтын ажиллагаагүйгээр АНУ, НАТО-ийн хүчин хууль ёсны дагуу хяналт тавиж чадахгүй.
Иранаас Оросын армид камиказэ дрон, их буу, танкийн сум нийлүүлсэн. Харин Орос хариуд нь сухой сөнөөгч онгоц, довтолгооны нисдэг тэрэг, агаарын довтолгооноос хамгаалах "S-400″ систем зэрэг урьд өмнө байгаагүй цэргийн дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Түүнчлэн Орос, Ираны ерөнхийлөгчид өнгөрсөн сард Хойд-Өмнөд тээврийн коридор байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь Орос, Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээг тойрч гарах нэг арга юм.
Каспийн тэнгисийг дэлхийн хуваагдлын хамгийн бодит илрэл гэж үзэж байна. Мөн ОХУ-ын нуугдах цэг болжээ. АНУ өнгөрсөн жил Иранаас ОХУ руу агаараар нисгэгчгүй онгоц тээвэрлэж байгааг илрүүлж эхэлсэн. Харин Каспийн тэнгисээр дамжиж буй тээвэрлэлт нь илүү нууцлагдмал маягтай байна. Орос, Ираны хөлөг онгоцууд мэдээлэл дамжуулагчаа ихэвчлэн унтраасан байгааг мэргэжилтнүүд илрүүлжээ. Аюулгүй байдалтай холбоотойгоор мэдээлэл дамжуулагчийг унтраах тохиолдол байдаг ч энэ нь ихэвчлэн хууль бус үйл ажиллагааг бүдгэрүүлэх тактик байдаг аж. Ийм төрлийн тээвэрлэлтийн хамгийн их зорчдог маршрутууд нь Оросын Астрахань боомт, Ираны Амирабад боомтууд байв. Сүүлийн зургаан сарын хугацаанд л гэхэд оросууд Каспийн тэнгисээр дамжуулан Иранаас 30 мянган их бууны сум, нэг сая сум авчээ.
Эх сурвалж: SEMAFOR
Холбоотой мэдээ