Хойд Солонгос улсаас зүүн эргийн ойролцоох усанд алсын тусгалтай далавчит пуужин туршсан гэж өнөөдөр /2023.02.24/ мэдэгдлээ. АНУ, Өмнөд Солонгос улсуудын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн Пёньян алсын тусгалтай дөрвөн пуужин харвав. Гэхдээ Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пуужингийн найдвартай байдал болон тэдгээр зэвсгийг ажиллуулж буй нэгжийн шуурхай хариу арга хэмжээ авах чадварыг шалгах зорилготой гэж мэдэгджээ. АНУ болон Өмнөд Солонгосын арми Пёньян пуужин хөөргөсөн талаар баталгаажуулаагүй байна.
Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр зүүн хойд эргийн бүсээс хөөргөсөн дөрвөн пуужин далайгаас дээш зууван болон найм хэлбэрийн дүрс зурж, 2000 километрийн зайд байг онох чадалтайг харуулсан гэв.
Хойд Солонгос 2021 оны есдүгээр сард анх удаа алсын тусгалтай далавчит пуужингийн системийг туршсан бөгөөд цөмийн цэнэгт хошуугаар зэвсэглэх зорилгоор бүтээж байгаа гэж мэдэгджээ.
Мөн Өмнөд Солонгос болон АНУ-ын эх газарт цөмийн цохилт өгөх давхар чадварыг харуулахын тулд өнгөрсөн Бямба гаригт тив алгасах баллистик пуужин, Даваа гаригт ойрын тусгалтай хос пуужин туршсан.
Алсын тусгалтай пуужингуудыг хөөргөхөөс өмнө Хойд Солонгос нь Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилалтад "урьд өмнө байгаагүй" хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ гэж амласан.
Эх сурвалж: ABC news