Д.Сарангэрэл: Болгоомжгүй үг хэлсэндээ хүлцэл өчиж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: Болгоомжгүй үг хэлсэндээ хүлцэл өчиж байна

Д.Сарангэрэл: Болгоомжгүй үг хэлсэндээ хүлцэл өчиж байна

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Төрийн ордонд өчигдөр болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.

"ЯДУУРЛЫН ХАМГИЙН ДООД ТҮВШИН БУЮУ “ХЯЗГААР” ҮГИЙГ УЛНЫ АЙЛУУД ГЭЖ
ОРЧУУЛДАГ ГЭЖ НАДАД МЭРГЭЖЛИЙН ХҮН ОЙЛГУУЛСАН"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.САРАНГЭРЭЛ:

-Өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс дор байгаа айлуудыг “улны айлууд” хэмээн нэрлэж, болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа миний бие хүлцэл өчиж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт цалингийн, хоёрдугаарт тэтгэврийн, гуравдугаарт халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бодлогын шинэчлэл явуулахаар ХНХЯ-ны баг хамт олон зориг шулуудан, шөнө дөл хүртэл сууж, цаасан дээр бэлэн болгосон.
Дээр дурдсан гурван шинэчлэлийн хүрээнд яагаад "Халамжаас хөдөлмөрт" бодлогыг хэрэгжүүлэх болсон тухайд тайлбарлавал нэгдүгээрт, хүн амаа хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх, улмаар хүссэн цалин хөлсийг нь өгөх боломж бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай болж байна.
ҮСХ-ны судалгааны дүнг та бүхэн мэднэ. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу, ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Дээр нь цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлүүд бий. Энэ үед яаж ард иргэд, залуусаа хөдөлмөр эрхлэлттэй болгох вэ гэдэг дээр гол хүчээ хаяж ажиллаж байна. Үүнд 1520 хүнийг ажлын байртай болгох хөтөлбөр чухал байна. Үүнийг бодлогын хэрэгжилтийн газар анхаарч байна.
Миний хэлсэн бодлогогүй үг бол олон улсын түвшинд ядуурлыг хамгийн доод түвшин "хязгаар буюу bottom" үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж надад мэргэжлийн хүн ойлгуулсан. Би түүнийг бодлогогүйгээр, болгоомжгүйгээр хэлж, олон хүнийг бухимдуулсанд уучлал гуйж байна. Миний үгийн сонголт буруу байсныг хүлээн зөвшөөрч байна.
Гэхдээ хамгийн гол нь энэ хөтөлбөрийн агуулгаар бид 1520 өрхийн нэн ядуу хүнээс сонгож, тухайн хүний болон зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийг хоёр сарын турш эзэмшүүлнэ. Тухайлбал, үсчнээр жишээ авсан. Өөрөөр хэлбэл, 1500 хүнийг үсчин болгох асуудал байхгүй. Бид зах зээлийн судалгаа хийлгэж байна. Ямар мэргэжил эзэмшвэл сардаа сая, түүнээс дээш орлоготой болох вэ гэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа тайлбарласан. Энэ талаар н.Хишигжаргал дарга илүүтэй мэдээлэл өгнө.
Бидний хийж хэрэгжүүлж буй ажлын агуулга, цар хүрээ их өндөр. Өчигдрийн хувьд хэлсэн үгэн дээр гол акцент өгч байх шиг байна лээ. Миний хувьд олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг амьдралын түвшнээр ад шоо үзэх, доош хийх санаа бодол огтхон ч үгүй. Харин яаж ард, иргэдээ ядуурлаас гаргах вэ гэдэг хамгийн том зорилго.

Хоёр жил бид "Халамжаас хөдөлмөрт" гэж ярилаа. Чухамдаа хийх бодит ажлаа цаасан дээр буулгаад, ажлаа эхэлье гэсэн санаа. Үүнээс биш хэн нэгнийг дорд үзэх, хөрөнгө чинээгээр ялгаварлах санаа огтоос үгүй. Мэргэжлийн хүмүүс ингэж хэрэглэдэг юмаа гэсэн санаа хэлсэн. Орчуулгын үг хэрэглэсэн нь миний алдаа болсон байна лээ. Цаашдаа үгийн сонголтод анхаарах ёстой гэдэгтэй бүрэн дүүрэн санал нэг байна.

ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР 28 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ӨГНӨ

ҮСХ-ны судалгаанд 200 мянган залуус ажил хөдөлмөр эрхлээгүй байгааг мэдээлсэн. Яагаад залуус ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа талаар өчигдөр ярьсан. Тэгэхэд тэнд залуус залхуу болсон талаар ярьсан. ХНХЯ тэгж үзэхгүй байна. Залууст ажилд оръё гэхэд олдож буй ажил нь хоногийн хоол даах түвшний цалин мөнгө амалж буй учраас залуус хөдөлмөр эрхлэх хүсэлгүй болсон. Тиймээс хамгийн багадаа сая төгрөг, түүнээс дээш хөлсөөр хөдөлмөр эрхлэх боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар толгойгоо гашилгаж, олон улсын хамтын байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсвийн хүрээнд сангийн юу хийж болох вэ гэдэг жагсаалтаа гаргасан юм.

1520 айл үндсэндээ ямар нэгэн зүйлд суралцаад, идэвхтэй байвал зах зээлийн судалгаанаас үзвэл сарын орлого нь гурван сая болох ч боломж бий. Энэ бол бидний хийх гэж буй нэгдүгээр ажил. Хоёрдугаарт, “Е-Job” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн талаар, ХНХЯ-д ажил мэргэжил сурагласан залууст яамнаас бүх мэдээллийг өгч байна. Ямар нэгэн зуучгүйгээр залуус мэдээллээ аваад юу эрхлэх вэ гэдэг сонголтыг бүрдүүлнэ. Гуравдугаарт, иргэд залуус мэдээлэлгүйн улмаас ямар ажил сонгох вэ, ямар бизнес эрхлэх вэ гэдэг талаар ойлголт багатай, мөн түүн дээр дэмжлэг туслалцаа хүсч байна. Тухайн ажилгүй иргэнтэй уулзаад, тухайн иргэнийг үнэлнэ. Ингээд ийм ажил тохирох юм байна гэхчлэн хувийн төлөвлөгөө гаргаж өгнө.

Залуус залхуудаа биш, цалин мөнгө нь хангалтгүй байгаа учраас хүсээд буй орон байрныхаа зээлийг төлж чадах, хүссэн машинаа лизингээр авах тэр боломжийг бүрдүүлэх бизнесийн суурь буюу эхний санхүүгийн дэмжлэгийг өгье гэж байна. Тухайлбал, хөдөө орон нутгийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сангаар дамжин, хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулах зорилгоор 28 тэрбум төгрөгийн хүүгүй зээл өгнө. Улаанбаатар хотын хүрээнд мөн 20 тэрбум төгрөгийн зээл гаргах гэж байна. Үүнд эрэгтэй, эмэгтэйчүүд 50, 50 хувиар ижил тэгш хамрагдсан байх боломж бүрдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж