Монголын хип хоп урлагийн хамгийн олон сонсогч фентэй “Люмино” болон “Татар” хамтлагийн уран бүтээлчид хамтран маргааш буюу есдүгээр сарын 3-нд ганцхан удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтын талаар хоёр хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр /2022.09.02/ мэдээлэл хийлээ.
“ЛЮМИНО” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН Б.БАТХИШИГ:
-Бид маргааш болох “The Best” тоглолтоо сарын хугацаанд бэлдсэн. С.Ононбат найруулагчийн найруулсан тоглолт маань бэлэн болоод байна. Тоглолтын хувьд амьд хөгжимтэй хип хоп тоглолт болж байгаагаараа онцлогтой. Мөн Монголын шилдэг хөгжимчид, уран бүтээлч болон арын албанд 600 орчим хүн ажиллаж байна. Мөн бид энэ удаагийн тоглолтоор нийт 41 дууг хүргэх болно.
НАЙРУУЛАГЧ С.ОНОНБАТ:
-Энэхүү тоглолт нь ах, дүү хоёрын барилдлага мэт тоглолт болох болно. Хоёр өөр жанрын хамтлаг байгаа учраас маш сонирхолтой тоглолт болохоор байна. Тоглолтод хоёр хамтлаг маань бүх цаг үеийн шилдэг дуугаа дуулах тул ирсэн хүмүүст сайхан мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна.
"ЛЮМИНО" ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Д.ТЭМҮҮЖИН:
-Бид анх 2005 онд "UB palace"-ын концертын их танхимд "2NITE’ нэртэй хамтарсан тоглолт хийж байсан бөгөөд "Хунгийн дэгдээхэй", "Том од ах" гэсэн хоёр дууг хамтран дуулсан байдаг. Мөн энэ удаа уг дуунуудаа дахин хамтран дуулах болно. Хамтарсан уран бүтээл гаргах гэж төлөвлөж байсан ч цаг хугацааны хувьд амжсангүй.
Тоглолтод "Gangbay", "Vandebo" хамтлаг болон реппер Tsetse, Ginjin, MRS.M, Roockie, Sekstsagaanbogd, Arman Bakhytbyek, Uri Mae нараас гадна шилдэг DJ уран бүтээлээ толилуулна.
Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг, вип тасалбар нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг та бүхэн shoppy.mn сайтаас авах боломжтой юм.
"Люмино" хамтлаг үүсгэн байгуулагдаад 24 жил болж байгаа бол "Татар" хамтлагийнхан 19 жилийг ардаа үджээ. Монголын хип хопын амьд түүхийн томоохон төлөөлөгч "Люмино" хамтлагийн хувьд "Пентатоник" наадмаас дөрвөн удаа шагнал хүртэж байсан гээд тэдний хийж бүтээсэн зүйл арвин, гаргасан хит дуунууд олон хамтлаг юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ