АНУ Грект атаархах цаг ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

АНУ Грект атаархах цаг ирнэ

АНУ-ын төсвийн зардал хэт нүсэрдсэн нь Грект нүүр­лэснээс ч илүү санхүүгийн хямралд унагах магадлалтай хэмээн тус улсын хэвлэлүүдэд бичих болжээ. Эдийн засагчид АНУ-ын эдийн засгийг аврахад нийт зургаан их наяд ам.доллар шаардлагатай хэмээн дүгнэсэн байна. Тиймээс төсвийн зардлыг бууруулж, татварын хэмжээг 2-3 дахин өсгөхгүй бол 2010-2020 онд тус улс дахин хямрах магадлалтай болжээ. 

Санхүүгийн хувьд АНУ Грекээс ч хүнд нөхцөлд орсныг санхүүгийн зарим шинжээч хэлэх болжээ. АНУ-ын төрийн зээллэгийн хэмжээ эрс нэмэгдсэнээс тус улсын төсвийн алдагдал  ДНБ-ийнх нь 14 хувьд хүрэх нөхцөл бүрдсэнийг ОУВС-ийн мэргэжилтнүүд  өнгөрсөн сард зарласан байна. Харин Грект төсвийн алдагдал ДНБ-ийнх нь 11.5 хувьтай тэмцэж байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын төсвийн алдагдлыг бууруулах ямар ч арга зам одоогоор харагдахгүй байна. АНУ-ын Конгрессээс энэ онд ДНБ-ийнхээ 25.4 хувийг зарцуулсан. Тиймээс төсвийг тэнцвэржүүлэх цорын ганц арга нь зардлаа ДНБ-ийн 11.4 хувь хүртэл бууруулах юмуу татвараа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагтай.  Гэвч эдгээр арга хэмжээ нь Б.Обамад ашигггүй юм.

ОУВС-аас АНУ-ын төрийн зээллэг нэмэгдэж байгааг тус улсын эрх баригчид нийгмийн хангамжийг сайжруулах, эмнэлгийн үнэгүй үйлчилгээ үзүүлэх тухай өгсөн амлалттай холбож үзсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама дээрх алхмуудаа нэлээд чухалчилдаг. Тэрбээр уг зорилтоосоо няцвал нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх тул амлалаасаа буцах бодолгүй аж.

Грекийн иргэдийг бослого гаргахад хүргэсэнтэй адил санхүүгийн хямрал АНУ-д улам ойртжээ. Гэхдээ уг хямрал дараагийн арван жилд болох магадлалтай. Европын баян орнууд Грекийн эдийн засгийг аврахад нийт 147 тэрбум евро зарцуулсан. Харин АНУ-ын эдийн засгийг аврахад зургаан их наяд ам.доллар шаардлагатай. Тиймээс ийм өндөр өртгөөр АНУ-ыг аврах сонирхолтой улс орон олоход хэцүү болно.

АНУ бол дэлхийн санхүүгийн тогтолцоонд хамгийн их аюул учруулах орон гэж үзэх нь түгээмэл болжээ. Учир нь АНУ-ын төр нийт 14 их наяд ам.долларын зээллэг авсан юм. Тиймээс Грекийг аварч дөнгөх бол АНУ-ыг аврах боломжгүй гэж шинжээчдийн нэг хэсэг нь дүгнэж байна.

АНУ-ын Конгрессээс энэ онд Засгийн газрын зээллэгийг 1.9 их наяд ам.доллараар нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Харин одоо уг зээллэгийн хэмжээ 12.37 их наяд ам.доллар буюу ДНБ-ийх нь 88 хувьтай тэнцсэн байна. Үүнийг тус улсын иргэдэд хуваахад хүн тус бүрт 40 мянган ам.долларын өр ногдох бөгөөд конгрессын гаргасан шийдвэр үүн дээр дахин 6000-ыг нэмж байгаа юм.  

АНУ-ын иргэд төсвийн хөрөнгийг хэт үрэлгэн зарцуулж байгааг дэмжихгүй байна. Тиймээс энэ хандлага нь удахгүй арваннэгдүгээр сарын 2-нд болох Конгрессын завсрын сонгуульд нөлөөлөх нь дамжиггүй. Уг сонгуульд Бүгд найрамдах намынхан Конгрессын хоёр танхимын аль нэгэнд нь олонхийн суудал авах боломжтой. Тэгсэн цагт одоо хоёр танхимыг хянаж байгаа Ардчилсан намынхан болон Б.Обамагийн засаг за­хиргаанд бэрхшээл учирч эхэлнэ. Учир нь Ерөнхийлөгч Б.Обамагийн нэр хүнд унаж байгааг сүүлийн үед явуулсан санал асуулгууд харуулж байна.  Тухайлбал санал асуулгад оролцогсдын тэн хагаасаас илүү хувь нь Б.Обамгийн эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Конгрессын нэр хүнд ч гэсэн унах болжээ. Тухайлбал, иргэдийн 72 хувь нь Конгрессын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь түүхэндээ хамгийн муу үзүүлэлт юм. Энэ нь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын аль алинд нь таагүй үзэгдэл аж. АНУ-д ажилгүйдлийн хэмжээ 9.5 хувьд хүрч, Засгийн газрын зээллэг өдөр ирэх тутам нэмэгдэж, Афганистан, Иракт нөхцөл байдал гойд сайжрахгүй, Иран цөмийн зэвсэгтэй болохын даваан дээр тулж, тус улстай байлдаж болзошгүй байгаа  зэрэг олон асуудал хуримтлагджээ. Энэ бүхэн Б.Обамад улс төрийн хувьд нэр хүндээ сэргээх боломжийг улам бүр багасгаж байна.  

Д.МӨНХБОЛД

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж