Анх удаа орон сууц авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчдийн буцаан олголтыг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрахын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг нэгтгэж хяналт тавих ажлыг зохион байгуулж байгаа аж. Дараа нь нийслэлийн төрийн санд татвар төлөгчдийн тайланг илгээснээр буцаан олголтыг олгох тов гарах юм байна.
Энэ талаар тэрбээр “Татварын ерөнхий газар нь анх удаа орон сууц авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголтыг олгох эрх бүхий байгууллага биш. Харин татвар төлөгчдийн бүрдүүлсэн материалыг нэгтгэн хяналт тавьж байгаа тул одоогоор нийслэлийн төрийн сан руу тайлангаа илгээгээгүй байна. Тайланг хүргүүлсний дараа Нийслэлийн төрийн сангаас өөрсдийн төсөвтэй уялдуулан буцаан олголт өгөх өдрийг товлоно. Ерөнхийдөө орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийн буцаан олголтыг олгоход тодорхой хугацаа заагаагүй. Өмнөх жилүүдэд цагаан сарын өмнө болон бүр дөрөв, тав, зургадугаар сард ч татвар төлөгчдөд буцаан олголтыг нь өгч байсан” гэлээ.
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хоёрдугаар сарын 15 хүртэл авч эхэлсэн билээ. Энэхүү хөнгөлөлтөд 2019 онд анх удаа орон сууц худалдаж авсан болон их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хамрагдаж байгаа юм. Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг. Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ