Одоо л нэг тэрбум ам.долларын зээлээ авахгүй бол дахин олоход хэцүү

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Одоо л нэг тэрбум ам.долларын зээлээ авахгүй бол дахин олоход хэцүү

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

 

-Байнгын хороодоор БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ. Та уг зээлийн хэлэлцээрийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Уг зээлийн хэлэлцээрийг би дэмжиж байгаа. Эгийн голын усан цахилгаан станцад хөрөнгө оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг бүр ч их дэмжиж байна. Монгол Улсын хувьд өнөөдрийн нөхцөлд ч гэсэн гаднаас эрчим хүчний тал дээр хараат байгаа.

 

Эрчим хүч гэдэг манай улсын хувьд хамгийн чухал салбар. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ маш их өсч байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Одоо бол бидэнд эрчим хүчний найдвартай хангамж гэдэг хамгийн чухал, тулгамдсан асуудлын нэг болчихлоо.

 

-Эгийн голын усан цахилгаан станцын төслийн онцлог нь юу вэ?

 

-Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бол өөрөө сэргээгдэх эрчим хүчний төсөл л дөө. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор Хөвсгөл нуурын гуравны хоёртой тэнцэх хэмжээний усан сан бий болно. Аялал жуулчлал, байгаль орчиндоо ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

 

-Гишүүдийн зүгээс өрийн тааз чинээндээ тулсан байгаа. Улсын өрийн хэмжээ нэмэгдэх юм биш үү гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин та ямар бодолтой байна вэ?

 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбарын төслийг улсын өрд оруулахгүй гэж баталсан. Учир нь тэдгээр төслүүд нь өөрсдөө өрөө төлөөд явчих бүрэн боломжтой байдаг. Тиймээс заавал улсын өрөнд тооцох шаардлагагүй.

 

Нэг тэрбум ам.долларын зээлээс санхүүжих Баянзүрх, Налайх дүүргийн холбох замыг 4-6 эгнээтэй болгоно. Одоо байгаа зам нь хоёр эгнээтэй, байнга замын түгжрэл үүсдэг газар. Налайхаас цаашаа явж буй замууд нь харин тун сайхан болчихсон. Тиймээс үүнийг шийдэх шаардлагатай. Зам барих мөнгө нь өрийн таазандаа ороод явчихна. 2016 онд өрийн тааз 58.5 байна гэсэн байгаа. Сангийн яамныхан үүндээ багтаж байгаа гэсэн. Нэг тэрбум ам.долларын зээлийн 700 гаруй сая ам.доллар нь Эгийн голын усан цахилгаан станцад орж зориулагдана.

 

-Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний дутагдалтай хэсгээ хангаад явахад том түлхэц болно. Гэхдээ уг усан цахилгаан станцын төсөл 20 гаруй жил яригдаж ирсэн. Одоо нэг хөрөнгө мөнгөтэй болоод явна гэсэн чинь ОХУ үүнийг хүчтэй эсэргүүцнэ гэсэн яриа гарч байгаа. Ийм популизмаас болоод маш удаан хугацаанд энэ төсөл гацаанд байсан…

 

-ОХУ Эгийн голын усан цахилгаан станцыг зөвшөөрөхгүй гэдэг яриаг сонссон. Өнөөдрийн нөхцөлд манай хоёр хөрш маш нягт харилцаатай байгаа. БНХАУ-ын Засгийн газар энэ төсөлд зээл өгье гэсэн болохоор тэр хавьдаа зохицуулагдаж байгаа болов уу гэж ойлгоод байгаа шүү. Олон жил яригдаж буй энэ асуудлаа бид шийдээд л явах ёстой.

 

Ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Тэр үед л гарын үсэг зураад явчихвал энэ төсөл хэрэгжинэ гэсэн үг. Үүнийг бид хойш нь тавьчихвал дахиад ийм зээл олдоно гэдэг хэцүү гэж харж байна. Хамгийн гол нь БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас зээлээр хэрэгжиж байгаа учраас хойд хөрш гайгүй дэмжчих байх. Харин Шүрэнгийн цахилгаан станц дээр эсрэг байгаа гэж сонссон.

 

-Шатахууны үнэ ханш нэмэгдэх нь гэдэг яриа гараад байна. Улсын төсвийн орлогоо нөхөх гээд нефть импортлогч, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дарамтын шахалтад оруулах шаардлага байгаа юм уу?

 

-Нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх бүрэн үндэслэл бий. Учир нь дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ буурчихсан. Үүнээс улбаалан бензин, шатахууны үнэ буураад байгаа. Тиймээс үнэ буурсан энэ зөрүүгээр Онцгой албан татвар, Гаалийн татвараар улсын төсөвт авч байгаа юм. Мэдээж олон улсын зах зээлд түүхий нефтийн үнэ өсч, гаднаас оруулж ирж буй нефтийн үнэ нэмэгдчихвэл үнэ тогтвортой байхын тулд дээрх татваруудаа буулгачих юм. Дэлхий нийтэд ч гэсэн ийм зохицуулалт байдаг.

 

УИХ дээр Онцгой албан татварыг нэмэх интервал буюу зайг өсгөж өгсөн. Түүний нефтийн үнэ баррель нь 30 ам.доллар боллоо. Энэ үед ч гэсэн татвараа авах ёстой. Тиймээс татварын дээд хязгаараа дээш нь тавьж өгсөн ийм л асуудал. Өнөөдрийн нөхцөлд бензиний үнийг нэмэх нь бүү хэл харин ч бууруулах боломжтой байна. Татвараа бид бага авах юм бол үнэ бууруулж болно. Өөр ямар ч асуудал байхгүй. Онцгой албан татвар нэмэх шийдвэрийг УИХ гаргасангүй. Дээд хязгаарыг нь л дээш нь өсгөсөн. Сая УИХ дээр ярьж байхад 12 хувийн ашигтай явж ирсэн гэж ярьж байна лээ. Тэр утгаараа Онцгой албан татвараа жаахан нэмэх шийдвэр гаргасан байх. Дахин хэлэхэд олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд татвараа дагаад буулгана. Ийм механизм руу орчихсон.

 

-Хувийн хэвшлийнхэн өнөөдөр бол татварын дарамт доор хэцүү байгаа гэдэг. Татвараас болоод үнээ нэмчих юм биш үү. Тэр ачаа нь ард түмний нуруун дээр л буучих гээд байх юм?

 

-Бензин, шатахуун гэдэг бол өөрөө стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс төр гадагшаа нэг цонхоор хандах ёстой. Газрын тосны тухай хуульд бензин импортлогч нь мэргэжлийн холбооны гишүүн байна. Мэргэжлийн холбоо нь төрийн байгууллагатай хамтарч ажиллана гээд нэгдсэн бодлоготой болсон. Газрын тосны газар, нефть импортлогч компаниуд хамт сууж байж хэлэлцээрийг хийдэг байсан. Зөвхөн Монголд нийлүүлж буй бензин 300-400 ам.доллараар илүү байсан.

 

“Энэ яагаад ийм байгаа юм бэ” гэхэд “Та нар нийлүүлээд ир. Өөр яах вэ гэдэг байсан ш дээ” гэдэг байлаа. Тэгэхээр нь бид “Хятад руу экспортолж буй түүхий нефтийнхээ оронд бензин авъя” гэхэд үнээ яаж тохирох вэ гэдэг асуулт гарч ирсэн. Гэтэл тэд “Сингапурын хөрөнгийн бирж дээр газрын тосны үнэ байгаа. Эндээс тооцъё” гэсэн юм. Бид олон улсын аргачлал тэгшитгэлээр тооцож Роснефть компани хүлээн зөвшөөрсөн. Ингэж бид бензиний нэгдсэн бодлоготой болсон. Одоо бол зохиомлоор үнэ нэмэх боломжгүй болсон л доо.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж